Гурван гишүүний нэг байр суурь
2016.12.21

Гурван гишүүний нэг байр суурь

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Ж.Батзандан нар үг хэлсэн.

Тэд өөр өөрийн саналаа дэвшүүлж байсан ч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувь эзэмшлийн талаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Бидэнд хэлэлцэх асуудал дэндүү олон байна. Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Таван толгой гээд олны анхаарал татсан асуудлууд ар араасаа хөвөрнө.

Тиймээс төрийн гурван өндөрлөгийг байлцуулж, УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь оролцуулан хаалттай хуралдан, өнөөдөр улс эх оронд тулгамдсан асуудлыг халуун тогоон дотроо ярилцах нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Чуулганы хуралдаанаа шалтгаангүй тасалсан 21 гишүүний нэрсийг би УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгөх болно. Оффшор бүс, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэзээ хэлэлцэх вэ? Өр төлбөр нэхэгдээд байгаа энэ үед олон хоног амардагаа болъё.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Би УИХ-ын гишүүнээр 5 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн парламентад АН 35 суудалтай байсан учраас ирцээ бүрдүүлж чаддаггүй байсан. Энэ парламентад МАН 65 суудал авсан мөртлөө ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Хэн нэгний өмнөөс кноп дарвал УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг байх хуулийн төсөл санаачлан, батлуулах хэрэгтэй.

65-уулаа шинэ жилийн цэнгүүнд оролцож байх үеэр ар хударгаар чинь Тавантолгойн луйвар явах нь ээ. Хэсэг бүлэг нөхдүүд маш бага үнээр Хятадуудад зарахаар улайран зүтгэж байна. “65 бүлэг”-ийг соргог байхыг хүсч байна. Эрдэнэт үйлдвэр, Асгатын мөнгөний орд, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр холбоотой луйврыг таслан зогсооход онцгой анхаараарай.