Хүчирхийлэл үйлдэгчид захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2016.12.21

Хүчирхийлэл үйлдэгчид захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт орж ажилласан. Хуулийн төслийн гол агуулга нь юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гол зорилт нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн үйлдлийг хамгаалах, таслан зогсоох зорилгыг агуулж байгаа. 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэхдээ энэ хууль өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд төдийлэн үр дүнтэй үйлчлээгүй.
Тиймээс эрх зүйн зохицуулалтын алдаатай талуудыг засаж, залруулах зорилгоор уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Гэр бүлийн хүчирхийллийг дөрвөн төрөлтэй байна гэж хуулийн төсөлд оруулж ирсэн. Тодруулбал, бие махбодь, бэлгийн, эд материалын, сэтгэл санааны гэсэн дөрвөн төрлийн хүчирхийллийн хэлбэр байна. Тиймээс хүчирхийлэл үйлдэгчид захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байя гэсэн зохицуулалтыг хийсэн.
Гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав, ээж, эмээ өвөө, төрөл саданг хамруулна. Мөн Эрүүгийн тухай хуулиар гэрлэлтээ батлуулаагүй ч хамтын амьдрал зохиосон хамтран амьдрагч нарыг бүхэлд нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд оруулсан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн хэн нэг нь бусдынхаа эрх, эрх чөлөө болон дээр дурдсан дөрвөн хэлбэрээр эрхэнд нь халдсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэж байгаа.
-Хуулийн төслийн гол өөрчлөлт нь юу вэ?
Хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн үйлдлийг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгохгүйгээр заавал шүүхээр оруулан шийдвэрлүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа. Өнөөдөр хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, зөрчлийн 100 гомдол тутмын 90 нь хэрэг бүртгэлийнхээ шатанд эвлэрч, хэрэгсэхгүй болсон.
Тиймээс хүчирхийлэгч үйлдэгчдийн үйлдэл нь цаашаа даамжирч байна. Иймд хууль тогтоогчоос оруулж ирж буй хүчирхийлэлтэй холбоотой эрүүгийн гэмт хэрэг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд эвлэрч хэрэгсэхгүй болгох боломжгүй. Харин шүүх дээр эвлэрч болно. Эвлэрэхгүй тохиолдолд хуулийн дагуу ял хүлээлгэнэ гэсэн зохицуулалттай болсон.
Мөн хүчирхийлэл үйлдээд ял шийтгэл авсан, эсвэл захиргааны хариуцлага ногдуулсан хүнийг албадан зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулна. Сургалтад хамрагдсанаар хүчирхийлэл дахин үйлдэх сэдлээс ангижирна гэж хууль санаачлагчид үзэж байгаа.

100 гомдол тутмын 90 нь хэрэг бүртгэлийнхээ шатанд эвлэрдэг

Үүнээс гадна хуулийн төсөлд орон нутагт хүчирхийллээс хамгаалах түр байртай болгоё гэсэн зохицуулалтыг оруулж байгаа. Тухайлбал, хохирогчийг тодорхой хугацаагаар байрлуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасан тодорхой нэр төрлийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий байруудыг сум, дүүрэг бүрт барьж байгуулъя гэсэн заалтыг тусгасан.
-Хуулийн төсөлд ямар үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохоор тусгасан бэ?
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэмт хэрэг гэж тооцно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагалдан долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Үүний нэг нь Захиргааны хариуцлагын тухай болон Эрүүгийн хуулийн өөрчлөлт. Захиргааны хариуцлагын тухай хуулиар хүчирхийллийн олон үйлдлийг захиргааны зөрчил гэж тооцно.
Харин уг зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байна. Тухайлбал, зодох, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах, мөрдөж мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох, эд хөрөнгөө эдлэх, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах зэрэг үйлдлийг захиргааны зөрчилд тооцно.
Энэ бүгдийг давтан үйлдсэн тохиолдол бүрийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзнэ. Үүнээс нэг зүйлийг тогтож ойлговол зодох гэдэг нь ямар нэгэн хохирлын болон гэмтлийн зэрэг үүсгээгүйгээр зодсон гэх мэдээллийн дагуу захиргааны зөрчил бүрийг шалгана. Хэрвээ хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл үүссэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан бусад төрлийн ял, хариуцлагыг хүлээлгэнэ.
-“Үл хайхрах” гэдэг хүчирхийллийн төрөл хэлбэрийг энэ хуулийн заалтад оруулах гээд дэмжсэнгүй. Та яагаад ийм санал оруулж ирсэн юм бэ?
Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажилласан. Тус дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа нутгийн захиргааны байгууллагын ажилтан, цагдаагийн алба хаагчидтай нэг бүрчлэн уулзаж, ярилцлага зохион байгуулсан. Энэ үеэр гэр бүлийн хүчирхийллийн тав дахь хэлбэр болох үл хайхрах үйлдлийг хуулийн төсөлд тусгах саналыг хэлсэн. Ингээд хүүхэд нь гадуур тэнээд гэртээ ирэхгүй байхад эцэг эх нь хайхардаггүй.
Хэн нэгний эрүүл мэнд болон эд материал нь хохирч байхад санаа зовдоггүй. Асран халамжлах үүрэг бүхий хүнээ үл хайхарч байгаа үйлдэл бүхнийг үл хайхрах хүчирхийллийн төрөл хэлбэр гэж оруулбал зохистой гэж үзсэн. Гэвч хэлэлцүүлгийн шатанд дээрх санал уначихлаа. Гэхдээ бусад байдлаар зохицуулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, ээж, аавынхаа тэтгэврийн мөнгийг авч архи ууж байгаа хүнд эхний удаад захиргааны хариуцлага хүлээлгэнэ, хоёр дахь удаагаа гэмт хэрэг гэж үзэхээр хуулийн төсөлд тусгасан.
-Хуулийн төслийг баталснаар төсөвт ачаалал үүсэх үү?
Ирэх оны улсын төсөвт зардал тусгаагүй. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа тул олон улсын донор байгууллагуудтай хамтарч ажиллах асуудлыг судалж байна.