Батболд.Су Одонтуяа.С Сандагсүрэн.Ж 2016.12.22 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгын газар

Дүүргийн засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр дүүргийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийслэл хот болон дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар дүүргийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэгдлээ. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг товчлон дурьдвал,

-2016 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулж ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,

-Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг сурталчлах, иргэдээс санал авах асуудалд онцгой анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах,

-Энэ сарын сүүлээр хүйтэрч, цас орох төлөвтэй байгаа тул дүүргүүд нутаг дэвсгэр дэх явган хүний зам, гарц дээрх цасыг тухай бүрт нь арилгахдаа аж ахуй нэгж, байгууллагуудаа татан оролцуулах,  болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахад анхаарах,

-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж  байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг бүхий талаар дэмжих, бага насны хүүхдүүдэд  аль болох  өрхөөр нь  явж эмнэлгийн тусламж үзүүлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүртээмжийг  нэмэгдүүлэн хангах,

-Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалах зорилгоор хэт их бохирдолтой бүсэд байгаа гэр хорооллын 51 сургуулийн бага ангийн сурагчдад амны хаалт тараах, 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурьлуулахаар болсон. Энэхүү ажлыг зохион байгуулалт, удирдлагаар ханган ажиллах,

-Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй  үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, зөвшөөрөлгүйгээр байршуулсан, шаардлага хангахгүй том, жижиг сурталчилгааны самбаруудыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөхөд хяналт тавьж, дахин зөвшөөрөлгүй ТҮЦ, самбар байршуулахгүй байх асуудлыг биечлэн хариуцах,

-Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Хэв журмын урамшуулалт эргүүл болон сайн дурын оролцоонд тулгуурласан эргүүлийн ажиллагааг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаваруудыг өглөө