Энх-Амгалан.Л 2016.12.22 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Хөгжлийн банкийг яаж аврах вэ гэдэг л чухал асуудал болоод байна шүү дээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж уг асуудлыг хэлэлцэх эсэх саналыг сонсоход гишүүд өөр өөр байр суурьтай байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хөгжлийн банкны асуудлаар 5 хоногийн завсарлага авах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Мөн хаалттай эсвэл нээлттэй горимоор хэлэлцэх дээр ч гишүүд зарчмын зөрүүтэй саналтай байлаа. Энэ асуудлаар маргаж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

"Б.Пүрэвдорж оо! Таны юу яриад байгааг ойлгохгүй байна. Яг одоо Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна шүү дээ. Уг тогтоолын төслийг хаалттай хэлэлцье гэсэн саналыг МАН-аас гаргаагүй.

Хөгжлийн банкны асуудлыг хаалттай хуралдах нь зүйтэй гэсэн саналыг таны хажууд сууж буй, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа гаргасан.

З.Нарантуяагаасаа асуу. Битгий улстөрж. Би тань шиг хашгирч, орилж чадна, Б.Пүрэвдорж гишүүн ээ.

Хөгжлийн банкны актив хөрөнгө, түүний эргэн тойрон дахь асуудлуудыг нээлттэй ярих юм бол тус банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдэд, уг банкны бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчдад буруу ташаа мэдээлэл очих вий. Энэ нь эргээд улс орны зээлжих зэрэглэл, бонд худалдаж авсан хөрөнгө оруулагчдын бизнест эрсдэл үүсэх вий гэсэн үүднээс тайлбар хийж байна.

Хамгийн гол нь 2000 компани гэж яриад, 200 гаруй хуудастай танилцаж дуусаагүй байна гэж байгаа мөртлөө уг асуудлаар хийж буй улстөрийн дүгнэлт хоёр чинь хоорондоо зөрчилдөөд байна. Та дөнгөж сая хэллээ шүү дээ. 2000 компаниудад олгосон зээл эрсдэлгүй гэж үзэж байна гэсэн атлаа эдгээр компанийн дийлэнх нь МАН-ынх байна гээд байх юм. Эдгээр 2000 компанийн 1000 нь АН-ынх, 1000 МАН-ынх гээд тогтоочихсон юм уу?

Одоо зарчим ярих хэрэгтэй. Улс орны хувь заяаны тухай ярья. Энэ банкийг яаж аврах, засаглалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, банкны бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж сэргээх талаар л ярих хэрэгтэй байна шүү дээ.

УИХ бол шүүх танхим биш. Хөгжлийн банкинд Аудитын Ерөнхий газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын ажлын алба, Сангийн сайдын ажлын хэсэг, УИХ-аас гарсан ажлын хэсэг тус бүр шалгалт хийсэн, хангалттай материал цугларчихаад байна.

Одоо уг шалгалтын дүнд үндэслэн хууль, хяналтын байгууллагууд хэн нь идэж уусан, гэм буруутай болох, хэнд захиргааны хариуцлага хүлээлгэх вэ гэдгээ тогтооно. Өнөөдөр бол Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх гээгүй.

Өнөөдөр УИХ, Засгийн газраар хэлэлцэлгүй, том толгойлж гаргасан өмнөх парламентын шийдвэр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тул цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авах тухай хэлэлцэх гэж байна.

Энэ асуудлыг улстөржүүлэх шаардлага байхгүй. Сүүлдээ бүр УИХ-аас гарсан ажлын хэсгийг мэргэжлийн чадамжгүй, дүгнэлт нь улстөржсөн гэж байна. Одоо ингэж ярихаа больё.

Гэм буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтооно. Б.Пүрэвдорж оо, түүнд битгий санаа зов. Он гарахаас өмнө Хөгжлийн банкийг яаж аврах вэ гэдэг нь чухал байна шүү дээ."

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn