undefined 2016.12.22 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Хөгжлийн банк зөв менежменттэй ажиллах юм бол цаашид оршин тогтнох боломж байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байлаа. Уг тогтоолын төслийг хаалттай эсвэл нээлттэй хэлэлцэх талаар гишүүд зарчмын зөрүүтэй саналтай байна. УИХ дахь цөөнхийн бүлэг ч энэ асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. 

Тэгвэл Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаан хийсэн атлаа УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэж болох уу? гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлээд уг асуудлыг цаашид ямар горимоор хэлэлцэх талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тайлбар хийхийг хүслээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Уг асуудлыг нууцлаад байх зүйлгүй. Гэхдээ...

УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар хаалттай хуралдах санал гаргасны дагуу хурал удирдаж байгаа хүний хувьд хаалттай хуралдах шийдвэр гаргасан. 

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Хөгжлийн банктай холбоотой асуудлыг иж бүрнээр нь ярьж, тус банкны одоогийн удирдлагууд эрсдлийн менежментийн төлөвлөгөө оруулж ирсний үндсэн дээр уг тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай.

Өнөөдөр Хөгжлийн банкны тухайд “жоомоо устгах гээд байшингаа шатаав” гэдэгтэй адил нөхцөл байдал үүсээд байна.

Хөгжлийн банктай холбоотойгоор хичнээн хэмжээний хөрөнгийг хэн, хаана хөрөнгө оруулсан, ямар хэмжээний баталгаа гаргаж өгсөн болох талаар хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хөгжлийн банк зөв менежменттэй ажиллах юм бол цаашид оршин тогтнох боломж байна гэж харж байна. Хөгжлийн банк болохоо байчихсан банк байна, цаашид оршин тогтнох боломжгүй юм байна гэсэн агуулгатай мэдээллийг олон нийтэд өгөх юм бол нөхцөл байдал улам хүндэрч Монгол Улсын нэр хүнд унах гээд байгаа учраас хаалттай хэлэлцэх хэрэгтэй. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа