Я.Санжмятав: Олонх юм бол олонх шиг бай! Цөөнхийг доромжилдог, үг хэлэх эрхийг нь хааж, боодгоо боль
УИХ-ын гишүүн Я.Санжмятав
2016.12.23

Я.Санжмятав: Олонх юм бол олонх шиг бай! Цөөнхийг доромжилдог, үг хэлэх эрхийг нь хааж, боодгоо боль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан үг хэллээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав юм. 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

Ажил гацаад байгаа гол шалтгаан олонхоос болж байна. 

Өчигдөр би үг хэлэх хүсэлт тавьсан ч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үг хэлүүлээгүй.

УИХ-д МАН 65 суудалтай байна. Цөөнх нь дэндүү цөөхөн. Гэтэл цөөнхийн гишүүд ганц, нэг үг хэлэхээр үгийг нь тасдаж хаячих гээд, тайрчих гээд байх юм. Ингэж болохгүй.

Бид ардчилсан оронд амьдарч байна. МАН-ын бүлгийн хуралд ороод суучихсан юм шиг хандлагаар ханддагаа болих хэрэгтэй.

Ялангуяа сүүлийн саруудад МАН-ын бүлгийн хуралд ороод суучихсан юм шиг хандлагаар ханддагаа болих хэрэгтэй. Хурал удирдаж байгаа хүн нь үүн дээрээ анхаар. Олонх юм бол олонх шиг бай. Цөөнхийг доромжилдог, ажил, амьдрал руу нь ордог байдлаа больё.

Хэлэлцүүлэг хийдэг танхим юм бол бие биенээ хүндэтгэх хэрэгтэй. Ард түмний төлөөлөл болж парламентад сууж буй гишүүний үг хэлэх эрхийг хааж боодог, тасалдаг байдлыг үүгээр зогсоо гэж УИХ-ын дэд даргаас хүсч байна.  

Ийм байдлаар цааш үргэлжилбэл УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд хэлэх үгээ урьдчилж өгдөг, тэр үгийг хянадаг нөхцөл байдал үүсэх гээд байна.

Ингэж огт болохгүй. Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй цаг үед байна. Өчигдөр би Хятадын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзлаа. Монгол-Хятадын парламентын бүлгийн даргын хувьд уулзахдаа хоёр ч удаа ичлээ.

Монгол Улс ардчилсан орон. Хоёр удаа уриад очоогүй. Түвдийн парламентын гишүүд ирэхэд уулзана гээд уулзаагүй шүү дээ гэдэг үгийг тэр хүний амнаас сонсох ёстой юу? Бидний уулзалтын прокотол бий. Хаана, ямар асуудал байгаа болоод Монгол Улс яагаад гадны хүний өмнө эвгүй байдалд орох болсон юм бэ гэдгийг тайлбарлаж өгөхийг УИХ-ын дэд даргаас хүсч байна.  

Бид нэг эх оронтой. Нэг Засгийн газартай. Нэг дуугаар, нэг бодлоор явах ёстой. Олонх, цөөнх гэж байхгүй. Тиймээс зөвшилцлийн ардчиллын зарчмыг хэрэгжүүлье. 9-хөн хүн юу юм бэ гээд хүч түрээд байвал асуудал буруу тийшээ эргэнэ.

11 хүнтэй удирдах зөвлөл, эрх баригчид асуудлаа шийдээд яваад байж болохгүй.

Зөв дуугардаг залуус орж ирсэн ч сүүлийн үед амыг нь барьчихлаа. Одоо больцгоо. Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Монгол Улсаа хөгжүүлнэ гэж төрд гарч ирсэн 76 гишүүд ажлаа хийцгээе.