Оюун-Эрдэнэ.Л 2016.12.23 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Их өр, зээлээ төлөх хугацаа дөхөөд байхад хэн ч юу ч ярихгүй юм

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан үг хэлж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ийн санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

"Манай төр засгийн бүтэц улам данхайгаад гишүүд нь дор бүрнээ баахан хууль яриад л байдаг. Он гараад Мартын 08-ны баяр гэж байтал удалгүй цэргийн баяр болно.

Тэр цаг хугацаанаас өмнө бид 580 сая долларын өрийг хаанаас яаж төлөх гэж байгаа тухайгаа бодож, ярьж шийдэх цаг нь болсон баймаар юм. Энэ их өрнөөсөө яаж гарах  ямар нэг шийдэл, гарц бий тухай хэн нь ч ярихгүй цаг алдаад яваад байх юм.

Их өртэй байж энгийн эдийн засагтай орон шиг тайван яваад байгааг гайхаж байна. Энэ асуудалд санаа зовж анхдугаар хуралдаанаар ч би  ярьж байсан. Гэтэл өнөөдөр ч энэ асуудлыг хөндөж ярих хүн нэг ч алга.

Бүгд чимээгүй. Монгол улс эдийн засгийн хямралд орсон гэхээс илүүтэй эрх, мэдэлтэнүүдийн шуналын хямралд автчихаад байгаа юм байна гэж би ойлгож байна. Манай улсын нийт төсөв 5 их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкны нийт гаргасан зээл нь 5 их наяд.

Үүнийхээ 70 хувийг эргэн төлөх нөхцөлгүй болгочихсон гэж байгаа. Ийм байдалтай байж бид цаашид дахиж бонд авах тухай ярих ч эрхгүй болох бололтой. 12 жилийн дараагаас ашгаа олж эхэлнэ гэж байгаа Оюутолгой гэх том төсөл байгаа.

Сүүлийн 70-80 жил биднийг тэжээж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн асуудал ч хүндрээд явчихлаа. Ирэх онд Эрдэнэтээс улсын төсөвт хичнээн төгрөгийн орлого орж ирнэ гэсэн тооцоо төсөөлөлтэй байгаа юм бэ? Тавантолгой гэхэд 2011 онд 350 орчим сая долларын өртэй байж байгаад одоо 80-аад сая доллар үлдсэн энэ ордуудынхаа тухай УИХ болон байнгын хороон дээр ярихгүйгээр шууд явуулах гэж байгаа тухай хэвлэлүүдээр баримтжуулан дэлгэж эхэллээ.

Улс орны эдийн засаг хүнд энэ үедээ бид  яагаад бид хагас сайн өдөр ч гэсэн цуглаад хуралдаж энэ асуудлуудаа ярилцаж болохгүй гэж. Энэ мэтээр урсгал дагаад яваад байвал цэргийн баярын өмнө бид бүгдээрээ дампуурах нь байна шүү эрчүүдээ.

Эдийн засгийн энэ их хүнд нөхцөл байдлынхаа тухай мэдсээр байж Ерөнхий сайд, Монгол банкны захирал, Сангийн сайд нар яагаад мэдээгүй юм шиг дуугүй суугаад байгаа юм бэ? Ярих том, том  асуудлууд ар араасаа цуварч байхад тус тусдаа нэг жижиг, жижиг хуулийн шинэчлэл, засвар яриад суугаад байх юм.

Яаж энэ их өрнөөсөө гарах тухай цаг алдалгүй ярих хэрэгтэй байна нөхдөө. Анхдугаар чуулганаар ярьж байх үед бидэнд бүтэн 6 сарын хугацаа байсан. Одоо тэгтэл ердөө гуравхан сар үлдчихлээ шүү."