УИХ-ын гишүүн Л.Болд
2016.12.23

Л.Болд: Зээлдэгчдийн жагсаалтыг ил болгож, зээлийг нь эргэн төлүүлж, зөрчил дутагдлыг нь арилгуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлж, асуулт асуулаа.

Л.Болд: Хөгжлийн банкинд хийсэн шалгалтад би сэтгэл дундуур байгаа

Энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх болсонд баяртай байна. “Муу нуухаар сайн илчил” гэгчээр энэ мэт асуудлыг нууж, олон түмний дунд хардлага төрүүлэн, эргээд түүндээ унаж, үл итгэлцэл бий болоод байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг яагаад хаалттай хэлэлцэх болсон шалтгаан одоо хэр нь тодорхой биш байна. Хаалттай хэлэлцэх санаачилгыг анх УИХ-ын гишүүн З.Нарантуяа гаргасан юм шиг байгаа юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа тодорхой асуулт асуусан, уг асуултад Засгийн газар, УИХ-ын ажлын хэсэг оновчтой хариулт өгч чадахгүй байсан болохоор асуултын хариуг хаалттай горимоор өгье гэсэн байдаг.

Хэдэн зээлдэгчийн нэрсийг нууцалж л хаалттай хэлэлцүүлэг хийсэн байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэх болж байна. Нуугаад байх шаардлага байхгүй. Хөгжлийн банкны асуудлыг ил тод нээлттэй хэлэлцэж, олон нийтийн шүүлтүүрээр орж байж асуудлын үнэн тогтооно.

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтад би сэтгэл дундуур байгаа. Ашиг, сонирхлын зөрчилтэй шалгалт болсон гэж үзэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан шалгалтын явцад сайдтай өөртэй нь холбоотой асуудал хүртэл үүсээд байсан. Энэ бүх хэрэг, зөрчил шалгалтын явцад тогтоогдох л учиртай. Хэн нэгнийг хаацайлах, хир халдаахгүй байх юмсан гэсэн зорилго агуулж болохгүй.

Цаашид олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн энэ мэт асуудлаа ил тод, нээлттэй хэлэлцэж байгаарай.

Олон дахин хааж, нээж олон нийтийг бүү төөрөгдүүлээрэй. Эрдэнэтийн 49 хувь зэрэг асуудал шил шилээ дараад хэлэлцэх дараалал нь хүлээгдэж байна.

Ил тод, нээлттэй байхын хамгийн чухал зүйл нь олон нийтийн итгэл юм. Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг ил тод болгосноор эргэн төлөлт нь идэвхжих магадлалтай. Нууц байх тусам хөрөнгө завшаад үлдэх сонирхол их байна.

Хөгжлийн банкны асуудлыг хууль, цагдаа, АТГ-аас шалгаж байна гэдэг. Эдгээр шалгалтын явц, үр дүн ил тод, нээлттэй байвал шалгалтын явц ч бас эрчимждэг. Нууц байдлаар шалгавал олон нийт шахалт үзүүлэх боломжгүй болно.

Уг асуудлыг хэлэлцэхэд улстөржилт байх ёсгүй. Хөгжлийн банкнаас хууль дүрмийн дагуу зээл аваад үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд бий.

Хууль бусаар зээл авч, зээлийг зориулалтын бусаар ашигласан, төсөл хөтөлбөрөө огт хэрэгжүүлээгүй эсвэл хийсэн ажлаа хэт өндөр өртгөөр үнэлсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй луйврын ажиллагаанууд явагдсан. Үүний цаана хэн байгааг гэрчлэхэд нам, улс төрийн хамаарал ямар хамаа байна?

Зээлдэгчдийн жагсаалтыг ил болгож, зээлийг нь эргэн төлүүлж, зөрчил дутагдлыг нь арилгуулах хэрэгтэй. Зээлдэгчдийн жагсаалт хоёр төрөл байна. Хөгжлийн банкинд хийсэн 200 гаруй хуудас бүхий шалгалтын материал дотор зээлийн тухай, зээлдэгчдийн тодорхой мэдээлэл бий.

Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярын өгсөн олон зуун хуудастай зээлдэгчдийн жагсаалт бүхий материал байна. Эдгээр жагсаалтын хооронд ямар ялгаа байна? Ямар зээлэгчдийн материал ил байна, ямар зээлдэгчдийнх хаалттай байгааг хэлээд өг?

Б.Чойжилсүрэн: Гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хууль, хүчний байгууллагад хандсан байгаа

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалыг АН-ын бүлэгт хүргүүлсэн. Өнөөдөр шалгалтын дүнг хэлэлцээгүй. Хэн, хэдийд ямар зээл авсан гэдгийг энд яриагүй. Засгийн газраас ажлын хэсэг гарч, Хөгжлийн банкны шалгалтын дүнг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.

Бид өнгөрсөн парламентад цөөнх байхдаа 26 гишүүний гарын үсэг бүхий материалыг АТГ-д хүргүүлж, тус банктай холбоотой асуудлыг шалгаж өгөх хүсэлт тавьж байсан юм.

Тиймээс хууль, хяналтын байгууллага уг асуудлыг хэрхэн шалгаж байгаа мэдээллийг та өөрөө авах хэрэгтэй байна. Ингэхгүй бол Засгийн газар бүх зүйлийг нууж, гацаагаад байгаа юм шиг сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд байна.