Н.Амарзаяа 2016.12.26 | Сайт: Vip76.mn

Н.Амарзаяа: Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин урт удаан хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай байхыг баталгаажуулах хэрэгтэй

Н.Амарзаяа: Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин урт удаан хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай байхыг баталгаажуулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Vip76.mn сайт "76-аас асууя" булан УИХ-ын гишүүдтэй бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж ажиллах асуудлын талаар цувралаар ярилцаж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

-Та УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа ямар асуудалд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна?

- Төрийн бодлого, шийдвэр нэг талаас ард түмний хүсэл сонирхолд нийцсэн байх, нөгөө талаас шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх ёстой гэж би үздэг.

Ийм бодлого шинж чанарын хувьд тасралтгүй, тууштай, залгамж холбоотой байх төдийгүй ямагт ард түмний болон Монгол улсын эрх ашгийг дээдэлсэн мөн урт хугацаанд, тогтвортой хэрэгжих үндэслэлтэй юм.

Харамсалтай нь өнөөгийн бодлого, шийдвэрүүд ийм байж чадахгүй байна. Нийгмийн салбаруудын хөгжил доройтсон, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо гажуудсан олон асуудлыг тоочиж болно.

Иймээс энэ тогтолцооны гажуудлуудыг засах, салбаруудын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохын төлөө ажиллана. 

-Та бол уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь аймгаас сонгогдсон. Тиймээс энэ салбарын асуудалд анхаарал хандуулж ажиллах байх?

-Тэгэлгүй яахав. Манай улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжил уул уурхай, эрдэс баялгийн салбартай шууд хамааралтай. Монголд одоогоор голлох эдийн засаг уул уурхай л байна. Энэ салбарын бодлого зөв явснаар эдийн засгийн хүнд байдлаас гарч, цаашид хямралд өртөхгүй байх боломж байна гэж харж байна.

Хамгийн гол нь уул уурхайн бүс нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусгаж байх ёстой.

Уул уурхай түшиглэсэн орон нутгийн хөгжлийн бодлого нэн хэрэгтэй байна.

Энэ бүс нутагт байгаль орчин, хөрсний бохирдол, усны хомсдол, бэлчээрийн талхлалт, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлж, нийгмийн  үйлчилгээг хүргэх гэх зэргээр маш олон асуудлууд байна. Тиймээс бодлого маш чухал.

Мөн уул уурхайн салбарын хөгжил, бодлоготой уялдуулан бусад салбарыг хөгжүүлэх шаардлага байна. Ингэхийн тулд орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг судалгаанд суурилан оновчтой хийхээр ажиллаж байна.

Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин өнөөдөр ямар байна?

Уул уурхайн салбарт нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр санаачлах гээд олон  бодлогууд байгаа.

уул уурхайн салбар улстөрөөс дэндүү хараат байна

Тэр дундаа өнөөдөр уул уурхайн салбар улстөрөөс дэндүү хараат байна. Тиймээс эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчиныг урт удаан хугацаанд тогтвортой, боловсронгуй, өрсөлдөх чадвартай байхыг баталгаажуулах хэрэгтэй байна.

Эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжих нь улс орны эдийн засгийг төрөлжүүлэхэд онцгой нөлөө үзүүлэх боломжтой.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа гаргачихсан хэрнээ гол салбартаа ингэж улстөр нь оролцоод байхаар яаж хөгжих билээ дээ.

Монгол улсын Ерөнхий сайд манай аймагт ажиллаж, нөхцөл байдалтай сайтар танилцаад ирсэн. Засгийн газар энэ салбарт бодлого гаргаж ажиллаж байгаад талархаж байна.

Засгийн газрын бодлого буруу байвал ард иргэдээ төлөөлөн дуу хоолойгоо хүргэнэ, зөв бодлого дээр дэмжиж ажиллана. Хамгийн гол нь уул уурхайн бүс нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусгаж байж байгаль орчинд ээлтэй, хүн ажиллаж амьдрах боломжтой, зөв зохистой уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. 

Та өөр ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах вэ?

Их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, техник, технологи, инноваци мөн нийгмийн салбаруудын чанар, үр ашиг, иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлууд байгааг засч залруулахын төлөө зорин ажиллана.

Монгол улсын ирээдүйн боловсон хүчин, хүний нөөц, төрийн бодлого залгамж чанар энэ төрийн өмчийн их дээд сургуулиуд дээрээ тулгуурлаж явагдах учиртай.

Их сургуулиудын эрдэмтэн судлаачидтай уулзаад явж байхад маш их материаллаг бааз, судалгаа, хөгжлийн гарц, хүний нөөц хүчин зүйлүүд байна.

Үүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, ашиглах, үнэ цэнийг мэдрэх цаг нь болсон.

Эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг байгуулагдсан. Нийгэмд эмэгтэй гишүүдийн бүлэг хэрхэн ажиллах бол гэсэн хүлээлт байх шиг байна?

Албан бус бүлэг гээд Бид нэг их улстөрийн акц гаргаад байхгүй. Хариуцсан мэргэжлийн байнгын хорооддоо түшиглэж ажиллаж байгаа.

Эдийн засаг хямралтай, нөхцөл байдал хүнд байна гэхээсээ илүүтэй байгаа бүх боломжид тулгуурлан бид эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулах нийгмийн шаардлага байна.

Саяхан хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн А.Ундраатай хамтраад Өмнөговь аймгийн шилдэг 300 эмэгтэйчүүдийн уулзалтыг зохион байгуулсан.

Бодит үр дүнтэй, гарц шийдэлтэй, байгаадаа сэтгэл хангалуун амьдрах боломжийн төлөө эмэгтэйчүүд бид санал бодлоо солилцсон.

Оролцсон эмэгтэйчүүд маань маш өндөр сэтгэгдэлтэй, ихэд сэтгэл хангалуун байсан. Тэгэхээр УИХ дахь эмэгтэй гишүүд бид нийгмээ өөрчлөхийн төлөө, сэтгэл оюуны довтолгоонд ороход маш том материал байна гэдгийг олж харсан.

Тийм болохоор цаашдаа эмэгтэйчүүдийнхээ төлөө илүү идэвхитэй ажилланаа.

Улстөрч, УИХ-ын гишүүн хүн ямар байх ёстой гэж үздэг вэ?

Би улс төрч гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүн хүн гэдэг дээр өөрийн байр сууриа илэрхийлье.

Бид ард түмнийг төлөөлөх үүргээ хариуцлагатай, ёс зүйтэй, чанартай биелүүлэх хэрэгтэй.

Үндэсний эрх ашиг, ард түмнийхээ төлөө тууштай, нээлттэй, үнэнч зүтгэгч байх ёстой. Аливаа нэг асуудалд хувийн эрх ашгийн үүднээс хандаад эхэлбэл тэр хүнийг “ард түмний элч” биш юм байна гэж харах хэрэгтэй. 

Бид ард түмнийг төлөөлөх үүргээ хариуцлагатай, ёс зүйтэй, чанартай биелүүлэх юм.

Саяхан гэхэд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар”-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байсан тохиолдлууд ажиглагдаж байсан.

Хэлэлцэж буй асуудалд ашиг сонирхолын зөрчилтэй бол бол УИХ-ын гишүүн оролцохгүй шалтгаанаа бичээд хурлаас гардаг ёс зүйтэй байх  хэрэгтэй.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn