О.Баасанхүү: Би ерөнхийлөгчид дэвшүүлэх хүн хайж байгаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.23

О.Баасанхүү: Би ерөнхийлөгчид дэвшүүлэх хүн хайж байгаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танаар сонин сайхан юу байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лообий бүлэг байгуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг урагшлуулахад хувь нэмрээ оруулж байна. Иргэдийн итгэлийг хүлээсэн хүний хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны асуудлаар тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Утааны асуудлаар эмэгтэй гишүүдтэй нийлж лобби бүлэг байгуулах санаатай явна.

-Намынхаа ажилд оролцож байна уу?

Би МАХН-ыг идэвхтэй бөгөөд хүчтэй яваасай гэж хүсдэг. Үнэнийг хэлэхэд манай намыг удирдаж, чиглүүлэх сайн удирдагч хэрэгтэй байна. Н.Энхбаяр дарга мундаг улстөрч нь үнэн. Гэхдээ одоо бол улстөрчдийн барьцаанд орчихоод хөдөлж чадахгүй сууна шүү дээ.

Ил гарч ирээд, тэмцэж чадахгүй байна. Хажууд нь байгаа гишүүд нь надад дуртай биш. Би УИХ дээр хэчнээн зөв зүйл яриад ч намайг дэмжихгүй байна. Л.Гүндалай ордон дахь улс төрөө гудамжныхтай хослуулж байж ялалтад хүрсэн. Би бас ингэхийг хүсэж байна. Намайг чуулганы танхимд зөв юм ярихад хэвлэлийн хурал хийгээд гаднаас орилох ёстойшүүдээ.

-Н.Энхбаяр дарга яагаад ойрын үед таг чимээгүй болчихов?

Барьцаалж буй нөхөд нь “Битгий олон юм яриарай. Тэгвэл шоронд хийнэ шүү. Ерөнхийлөгч байсан хүнээ хоёр дахь удаагаа шоронд хиймээргүй байна. Наад улс төрөө боль” гэсэн юм байгаа биз.

-Ингэхэд МАХН “амьд” уу?

Байгаа. Байх байхдаа бүр хүчтэй байгаа. Өнгөрсөн сонгуулиар МАН- ыг дэмжсэн хүмүүс “Би уг МАХН-ын гишүүн. Энэ удаа МАН-ыг дэмжсэн чинь гай боллоо” гэж одоо халаглаж буй нь үүний баталгаа. Би өчигдөр У.Хүрэлсүхтэй уулзаж, МАН, МАХН хоёр нэг дэмжигчтэй учраас танай өнгөтэй, өөдтэй бодлого, ажлыг бид дэмжье.

Муу муухайг нь заавал олон нийтэд ил зарлах биш, наагуур нь ярьж хэлье гэтэл “Наад нам чинь өмнө нь Н.Энхбаярын нэрээр явж байсан. Одоо чи УИХ-д байгаа болохоор л оршиж буй мэт харагдаж байна. Чамайг байхгүй болохоор энэ нам үгүй болно” гэж байна билээ. Би хүнийг басах, тэр дундаа итгэл үнэмшлийн нэгдлийг үгүйсгэх, өмчлөх буруу гэж боддог.

Илэн далангүй хэлэхэд, МАХН сэргэнэ. Гэхдээ сайн удирдлага, менежмент, зөв зорилго хэрэгтэй. Сохор хүн зам заадаггүй гэдэг үг бий. Намын удирдлага тухайн нөхцөл байдалд ялагдсан бол дараагийн багт боломж олгох хэрэгтэй. Өдий хүртэл 4-5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ намыг авч явсан байх. Одоо 40-50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цааш нь аваад явъя гэсэн хүн бай- на.

-Тийм үү?

Үнэнийг хэлэхэд, гадаадад 20-30 жил амьдарсан, ажил, бизнестэй, мөнгө төгрөгтэй, эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовдог хүмүүс байна. Надтай холбогдож, ‘Төрийн мөнгийг хулгайлж, баяждаг шударга бусчууд, авилгачидтай тэмцье, таныг дэмжихэд бэлэн. АН, МАН-ыг зөндөө харлаа. Эд улсыг аврахгүй юм байна” гэж хэлсэн хүн нэг бус бий.

-Намыг удирдаж, зөв замаар авч явах хүн нь хэн гэж харж байгаа юм бэ? Та өөрөө юу?

Туг барих үүрэг хэн нэгэнд нь ирэх нь гарцаагүй. УИХ-д сууж бай- гаагийн хувьд удирдаад, уриалаад явах хүн надаас өөр байна уу. Нуулгүй хэлэхэд, Н.Энхбаяр дарга, дэргэд нь буй залуус юу бодоод, ямар нүүдэл хийх гээд байгааг мэдэхгүй. Би бол ямар алхам хийхийг нь хүлээж байна. Зөв юм хийвэл дэмжээд явна. Одоо МАХН-д шинэчлэгдэх, Монголоо аврах хувьсгалт нам болох шаардлага байна.

-МАХН-ын нэг гэр бүлийн нам гэдэг. Та энэ намын дарга болох тухай бодож байхаар Монголоо аврах хувьсгалт нам байгуулсан нь амар юм биш үү?

МАХН 90 жилийн түүхтэй. Энэ намыг түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж татан буулгаад, шинэ нам байгуулах хувилбар байж болно. Гэхдээ түүхийг үргэлжлүүлэх ёстойгоос биш, зогсоох, таслах нь буруу. Тиймээс МАН-д байгаа төөрөлдсөн хүмүүсийг МАХН- д нэгтгэж, 1990 оноос өмнөх их нэгдлийг бий болгохыг хүсэж байна.

-Н.Энхбаяр дарга таны хүслээр явахгүй шүү дээ?

Н.Энхбаяр дарга мөнх биш шүү дээ. Таван жил үү, арван жил үү, тэ- гээд л явна. Энэ нам бол мөнх. МАХН лидерт суурилсан учраас ингэж хан- даад байна. Жирийн гишүүд, дэмжиг- чид бол бухимдаж байгаа.

-Та УИХ-д сонгогдсоноор МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болсон. Уг сонгуульд хэн нэр дэвших бол?

Би янз бүрийн хүнтэй уулзаж байна. Зарим нь бодож үзье гэсэн. Зарим нь айж байна. Манай хүүхэд ажилтай, намайг ингээд явахаар хүүхдийг маань ажлаас халчихна гэх юм.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн хайгаад байгаа юм уу?

Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч нь байсан. УИХ-ын гишүүн болоод өмөөрөгч нь болсон. Ерөнхийлөгчөөс эхлээд ерөнхий прокурор хүртэл уулзаж болох бүхэнтэй уулзаж, битгий шорон оронд хийгээч гэж гуйж явсан. Одоо нэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг илүү учраас “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд би ажиллана шүү” гэсэн. Н.Энхбаяр дарга ‘Тэг, тэг, өөрөө л мэд” гэж байналээ. -Н.Энхбаяр дарга дэвшихгүй юм уу. Шүүхийн шийдвэрээр нэр дэвших эрх нь сэргэсэн биз дээ?

Одоо хүчин төгөлдөр байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Сүүлийн таван жил Монгол Улсад байнга оршин суусан байх ёстой” гэсэн шалгуур байгаа. Энэ заалтыг Н.Энхбаяр даргын өөрийнх нь дэмжиж байсан Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг нар оруулсан юм. Тэр үед Н.Энхбаяр даргыг Сөүл рүү нисэх гэж байхад нь утсаар ярьж, “Энэ хуулийн төслөөр завсарлага авах чиглэл өгөөч.

Үүнийг хүчингүй болгож, анхны хуулиар явъя” гэхэд, “Би ярья” гэсэн. Нөгөө хэдийгээ дийлээгүй юм байгаа биз. Бүлгээ надад өгчихсөн бол би завсарлага аваад, ийм заалт оруулахгүй байсан. Хүн ямар үр тарина, түүнийгээ хураана гэдэг л болж байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж одоо ч байгаа.

Мөн Н.Энхбаяр даргад УИХ-ын гишүүн болох боломж бий. М.Энхболд дарга Ерөнхийлөгч болчихвол түүний тойрогт нөхөн сонгууль бол- но. Тэгэхэд нь нэр дэвшиж болно.

-Таны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нас болоогүй бил үү?

Болоогүй. Би 2021 онд ч Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшинэ гэж бодохгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал өндөр босготой байх ёстой. УИХ-ын гишүүнээс дээш албан тушаал хашаагүй хүн Ерөнхийлөгчид дэвшинэ гэж яриад яах вэ.

Ард түмний хайр, хүндлэл хүлээсэн, эсвэл төрийн өндөр албан тушаалуудаас ядаж хоёрыг хашаад үзчихсэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой.

-Таныг өөр нам руу орж, Ерөн- хийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болгож магадгүй гэсэн таамаг байгаа?

Зөв зорилгын төлөө юу ч хийж болно. Аль нэг хүчинд барьцаалагдаагүй, Монгол Улсын эрх ашгийг өмнөө тавих, эр зоригтой, мэддэгтэй, Ерөнхийлөгч шиг Ерөнхийлөгчийг аль нэг намаас дэвшүүлбэл түүнийг дэмжихээс яах вэ.

-Г.Уянга танд намдаа орох санал тавьж байсан. Тэр яриа одоо үргэлжилж байгаа юм биш биз?

Өөр нам руу орох байлаа гэхэд хэзээ ч Г.Уянгын намыг сонгохгүй. Үүнийг баталгаатай хэлье.

-Н.Энхбаяр даргатай уулзаж байгаа юу?

Өдөр бүр шахам уулздаг. Маргааш бид хамт ОХУ-ын Элчин сайдтай уулзахаар товлосон.