Өвөрхангай аймгийн бүх сум орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй боллоо
2016.12.23

Өвөрхангай аймгийн бүх сум орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй боллоо

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжүүдийг эхнээс нь хүлээлгэж өглөө. Тодруулбал, зургаан сая ам.доллар буюу 13 тэрбум төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Өвөрхангай, Говь-Алтай аймгийн сумдад хүлээлгэж өгөх төсөл амжилттай хэрэгжиж, төхөөрөмжүүдийг олгож эхэллээ.

Уг үйл ажиллагаанд Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ- ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ- ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн    нар оролцож, Өвөрхангай аймгийн ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Э.Хүдэрчулуун, Хархорин нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Х.Ууганбаяр нарт төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Төслийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэхдээ “Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Эрүүл мэндийн яам, Монгол дахь Элчин сайдын яам санаачлан хамтран ажиллаж эмнэлгийн нийт 16 төрлийн 188 тоног төхөөрөмж, аппаратыг Өвөрхангай аймгийн 19 сумын эмнэлэгт олголоо. Өвөрхангай аймаг хүн ам олонтой учраас өвчлөл их байдаг. Өнгөрсөн жил олон төрлийн судалгаа хийснээр уг төсөлд хамруулахаар хоёр аймгийг сонгосон.

Тоног төхөөрөмжийг сайжруулах төсөлд Говь-Алтай аймаг мөн хамрагдаж байгаа. Нэг аймагт зарцуулж байгаа төслийн өртөг нь гурван сая ам.доллар юм. Өөрөөр хэлбэл, хоёр аймагт зургаан сая ам.долларын төсөл хэрэгжиж байна гэсэн үг. Үүгээр орон нутгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулахаар төслийг эхлүүлсэн.

Төслийн гүйцэтгэгчээр “Иточү” корпораци ажиллаж байгаа. Тоног төхөөрөмжөө оруулаад ирсэн учраас Өвөрхангайн Бүрд сумаас эхлэн тарааж, суурилуулах ажлыг хийнэ. Цаашлаад тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх сургалтуудыг зохион байгуулна. Уг төслийн хэрэгжүүлэх хугацаа гурван жил байх юм.

Төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж ажил болсонд нийт өвөрхангайчуудынхаа өмнөөс баярлаж байгаагаа хэлэх байна. Төслийг хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан бүх хүнд талархаж байгаагаа     илэрхийлье.

Японы Засгийн газар Монголын эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа нэг аймгийг ийнхүү тусгайлан авч үзэж шаардлагатай тоног төхөөрөмжийг олгож байгаа нь ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа юм” гэлээ.