Чинзориг.С 2016.12.26 | Сонин: Монголын мэдээ

Хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах нь

Хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах нь
УИХ-ын гишүүн С.Чинзориг

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг санаачилж, хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.

Улмаар Засгийн газар хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барих юм. Тэрбээр уг хуулийн талаар “Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи суларснаас цалин хөлс, хөдөлмөрийн орлого төдийлөн нэмэгдсэнгүй. Цаашид дорвитой нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа нь иргэдийн, ялангуяа бага орлоготой хэсгийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ.

Иймд хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар бодит орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан” гэлээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсан бөгөөд 2007 оноос хүчин төгөлдөр үйлчилж буй энэ хуулиар албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох жилийн албан татварт 84 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм.

Үүнийг сард шилжүүлж тооцвол ердөө долоон төгрөг. Одоо мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх сарын 01-нээс 240 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Тиймээс хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хуульчлан тогтоовол татвар төлөгч иргэн жилд 240 мянган төгрөг, сард 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна.