“Ногоон сайд” утаатай ингэж тэмцэнэ
2016.12.26

“Ногоон сайд” утаатай ингэж тэмцэнэ

Өвлийн цагт монголчуудын толгойн өвчин болдог ганц асуудал нь утаа. Бид өмнө нь хотын утаа хэрээс хэтэрсэн талаар ярьж бичдэг байсан бол өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрснийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөөд байна.

Тэр бүү хэл, ээжийнхээ гэдсэнд бойжих урагт хүртэл нөлөөлөн, тэднийг бүрэлдэж амжаагүй байхад нь амьгүй болох суурь үндэс болох хэмжээнд хүрээд байна. Ес эхэлж, хүйтний эрч чангарахын хэрээр гэр хорооллынхон гал түлэх нь ихэсдэг учраас өдийд нийслэлийн утаа дээд цэгтээ хүрдэг гэж хэлж болно. Төр, засгийн зүгээс энэ талаар ярьж хэлж, төсөв хөрөнгө зарцуулдаг ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат утаатай тэмцэх талаар сүүлийн сумаа тавилаа.

Тодруулбал, тэрбээр шинжлэх ухааны салбарын эрдэмтдэд утааг бууруулах шийдэл олох үүргийг өгөөд байна. Үүнтэй зэрэгцэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол утаатай ямар замаар тэмцэх нь олны анхаарлыг эрхгүй татаж байна. Байгаль орчны сайдаар хоёронтаа ажиллаж байгаа түүний хувьд салбараа тун сайн мэддэг. Сайд маань харин утааг яаж бууруулах талаар ямар санаа бодолтой явна вэ.

 “Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Урт хугацааны тууштай, зөв бодлого, төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын уйгагүй хүчин чармайлтын дүнд бид агаарын бохирдлоосоо салж чадна. Өнөөдөр утаатай тэмцэх чиглэлээр ард иргэд маш их шүүмжилж байгаа боловч бодитой оролцоо хангалтгүй байна. Утааг багасгахад иргэн бүрийн бодитой үүрэг, оролцоо чухал гэдгийг бүгд ухамсарлаасай.

Эхний ээлжид бид “Цэвэр агаар сан’’-г эргэж байгуулахаар ажиллаж байна. Уг санд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар дөрвөн төрлийн татвар төвлөрдөг. Санг сэргээн байгуулснаар уг татварын мөнгийг агаарын бохирдолттой тэмцэх зориулалтын дагуу ашиглах боломж бүрдэнэ. Энэ удаад сайжруулсан зуух, түлшийг зорилтот бүлэгт нийлүүлэх бодлого барьж байна. Мөн бид Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болох шаардлагатай.

Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулж байгаа. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хязгаарлах бодлогыг БОАЖЯ-наас барьж байна. Мөн Монголын нийт хүн амын тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгаа учраас төвлөрлийг сааруулах, нийслэл хотоо тэлэх бодлогыг явуулах ёстой” гэжээ. Үнэхээр л түүний хэлснээр төр засаг хийх ёстойгоо хийхийн зэрэгцээ утааг бууруулах ажилд иргэн бүрийн оролцоо чухал байгааг нэмж дуулгая.