Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
2016.12.26

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр  “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгийг хийж байна. 

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уг хуралдаанд  мэдээлэл хийлээ. Тэрбээр цаг үеэ олсон хэлэлцүүлэг зохион байгуулж буй Өргөдлийн байнгын хорооныхонд талархал илэрхийлэв.     Салбарын сайдын мэдээлснээр агаар бохирдуулагч гол бодис PM10 тоосонцрыг   2016 оны 11 дүгээр сарын байдлаар  нийт 11 цэгт 312 удаа тодорхойлоход  220 удаад нь буюу 71 хувьд  нь стандартаас давсан байна. 

Харин РМ2.5 тоосонцрыг 11 дүгээр сард нийт зургаан  цэгт 167 удаа тодорхойлоход  147 удаад нь буюу 88 хувьд  нь стандартаас давжээ.   Азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламж ч өндөр гарч байна.   Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох  түүхий нүүрсний хэрэглээ жилд 5,9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байгааг сайд илтгэлдээ өгүүллээ.

Харин цахилгаан станцад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний зургаан  хувийг эзэлж байгаа нь өндөр яндантай, утаа хол хаягддагтай холбоотой гэв.  Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл  тоологдсон ба эдгээр автомашин агаарын  бохирдлын хувь хэмжээний 10 хувийг эзэлж байна.  Ялангуяа түгжрэлд зогсож байгаа  автомашин тормос гишгэх  үедээ агаар бохирдуулагч хүнд металыг ихээр ялгаруулдаг гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

2011 оноос өнөөдрийг хүртэл олон улсын хамтын ажиллагааны төслүүдийн үнийн хөнгөлөлт, “Цэвэр агаар сан”-гийн татаастай үнээр Улаанбаатар хотод 175 мянга 618 сайжруулсан зуух тараасан тухай БОАЖ-ын сайд мэдээлэлдээ дурдав.  “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын 2015 оны нэгдсэн тоо, бүртгэл”-ийн дүнгээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт 161 мянган зуух бүртгэгджээ. Үүнээс 38 хувь буюу 61 мянга нь энгийн зуух, 62 хувь буюу 100 мянга  өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна. Энэ тооллогын дүнгээс харахад Улаанбаатар хотод тараагдсан сайжруулсан зуухны бараг 50 хувь нь ашиглагдахгүй байгаа аж.

Түүнчлэн өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 198 000 өрхийн 30 хувь нь амьдралын нөхцөл боломж муугаас хуучин дугуй шатаах, ашигласан тээврийн хэрэгслийн тосонд тоосго дүрч шатаах, хог хаягдал түлж байгаа судалгааг гаргасан байна. Иймд дээрх түүхий нүүрсээ авч түлж чадахгүй байгаа иргэдийг халамжийн бодлогоор хяналттай зөв механизмаар сайжруулсан зуух болон түлшээр хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг сайд өгүүллээ.

 2015 оны төсвийн тодотголыг УИХ 2015 оны 11 дүгээр сард хэлэлцэж баталсан бөгөөд “Цэвэр агаарын сангийн төсвийг нийт 11 тэрбум төгрөгөөр бууруулсан. Гэвч тус сангийн төсвийг бууруулж баталснаас  2015 онд гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэл нь бүрэн дууссан гүйцэтгэгч 11 аж ахуйн нэгжид нийт 2,108.5сая төгрөгийн  гүйцэтгэлийг санхүүжүүлж чадалгүй татан буугдсан байна. “Цэвэр агаар сан”-гийн чиг үүрэг БОАЖЯ-ны харьяанд шилжиж ирсэн ба  дээрх өрийг өнгөрсөн 11 дүгээр сард  Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас барагдуулсан тухай Д.Оюунхорол сайд мэдээллээ.

Агаарын бохирдлыг бууруулахад тулгарч байгаа сорилт, бэрхшээл:

  •                 Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар:

-        олборлосон нүүрсний 1 кг тутамд 1 төг,

-        импортлосон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн 1 кг тутамд 10 төг,

-        автомашины ангиллаас хамаарч жилд 1800-9500 төгрөг татвар хураах зохицуулалттай.

Дээрх төлбөрөөс жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Гэвч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж,  зориулалтаараа зарцуулагдахгүй байгаа нь хуулийн амин сүнс болсон хэрэгжүүлэх механизм хангалтгүй байгааг харуулж байна гэв. Байгаль орчны хяналтын тогтолцоо нь Байгаль орчны яамнаас тусдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хэрэгжиж байгаа нь тогтолцооны хувьд буруу байгааг ч сайд шүүмжиллээ. Үүнийг бодлого, хяналт хоёр уялдахгүй байгаагийн илрэл гэсэн юм.    

УИХ, Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгааг ч БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцоллоо. Тухайлбал, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж агаарын бохирдлыг бууруулах чиглэл, зөвлөмжийг гаргасан.  

Мөн НҮБ-ийн Хүүхдийн сан болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Хүүхдийн Эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг хүлээн авах ажлыг зохион байгуулж холбогдох төрийн байгууллага аж ахуй нэгжүүдэд чиглэсэн санал зөвлөмжийг гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2016 оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулж тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мөн өгүүллээ.

Дээрх хурал зөвөлгөөнөөс гарсан шийдвэрүүдийг үндэслэн ойрын хугацаанд хийх ажлын стратегийг салбарын сайд хэллээ.

Үүнд:

  •          Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийнэ.
  •          Орон сууцжуулах хөтөлбөрийг зайлшгүй  хэрэгжүүлэх ёстой. Хятадын 50 сая юанийн  буцалтгүй тусламжийг энэ хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн.
  •          Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж салбар хоорондын уялдаа холбоог  сайжруулах,
  •          Холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж “Цэвэр агаар сан”-г сэргээх,
  •          Түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах,
  •          Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх,
  •          Хог хаягдал боловсруулан, эрчим хүч үйлдвэрлэх төслийг дэмжин ажиллах,
  •         Тавдугаар цахилгааны станц барих ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх талаар төсөл боловсруулах,
  •          Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх,
  •          Улаанбаатар хотын зорилтот бүлгийн айл өрхийг  сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах,
  •          Нүүрс олборлогчийг газар дээр нь нүүрсээ угаах, боловсруулалт хийхэд нь дэмжлэг үзүүлэх
  •          Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжих
  •          Элэгдэж, эвдэрсэн газрын доройтлыг бууруулах, авто замаас үүсэх тоосжилтыг багасгах зорилгоор нийслэл хот, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, замын ус зайлуулах эко системийг иж бүрнээр төлөвлөх,
  •          Автомашины улсын үзлэгийн оношлогооны чанарыг сайжруулах
  •          Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, 7-оос дээш насжилттай автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах,
  •          Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй, хүртээмжтэй болгох, автобусыг хийн түлшинд үе шаттай шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

   Агаар бохирдлыг бууруулах чиглэлээр “Цэвэр агаар сан”-гаас 2011-2015 онд 135 тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гараагүй байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэмдэглэв. Буруу төлөвлөлт, алдаатай бодлого, салбар хоорондын уялдаагүй байдлын улмаас гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүд ч бодитой хэрэгжээгүй гэв.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь мөн л асуудал дагуулж сайжруулсан болон шахмал түлшний үйлдвэрүүдийн хаалгыг барихад хүргэсэн.   Цаашид өнгөрсөн алдаагаа давтахгүй, салбар хоорондын бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатайг БОАЖ-ын сайд  онцлов.  Өнөөгийн хөрөнгө санхүүгийнхээ нөхцөлд түшиглэсэн зөв бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа ч тэмдэглэлээ.

Хамгийн хүчтэй Засгийн газар  ч агаарыг бохирдлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй бөгөөд иргэдийн ухамсар, оролцоо, хариуцлага чухал гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон юм. БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо”  аяныг  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлж байна.

Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь төсөв хөрөнгө, ард иргэдийн амьжиргааны төвшинтэй шууд уялдаатай учир шат дараалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг ч онцоллоо. Агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгж  бүр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзлэл байвал асуудал шийдэгдэнэ гэж  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдээллийнхээ төгсгөлд онцлов.

                   БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба