undefined 2016.12.27 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн төслийг өргөн мэдүүлэв

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн төслийг  өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.12.26/ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн төслийг  өргөн мэдүүлэв. 

Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь 2009 онд батлагдсан, 5 бүлэг, 22 зүйлтэй. Уг хуулийг батлагдсанаас хойш гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт 9 зүйл, заалтад өөрчлөлт орсон байна.

Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд буюу 15 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8-д заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 5 бүлэг, 26 зүйлтэй тус хуулийн төсөл батлагдсанаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлан зохицуулснаар мэдээллийн аюулгүй байдал сайжирч, иргэд төрөөс шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэх, бүртгэлийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт сайжрах, мэдээллийг нээлттэй болгож, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, илүү ойлгомжтой бүртгэлийн үйлчилгээг иргэдэд санал болгох, бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулж, хууль тогтоомж хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилах зэрэг ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.