Элбэгдорж.Ц 2016.12.27 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2016.12.27/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ. 

Одоо мөрдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг  шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  төрийн хүлээх чиг үүрэг, гамшгийн улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэн байна. Иймд: 
  • Тулгараад байгаа нөхцөл байдал, олон улсын чиг хандлагад нийцүүлэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах, 
  • Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-ын үндсэн чиглэлийн 2.3-т заасан “Гамшгийн нэр томьёоны тодорхойлолт, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх, 
  • Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”, 2016 онд батлагдсан Батлан хамгаалахын багц хуулиудтай нийцүүлэх, 
  • Дэлхийн улс орнуудын удирдагчид, шийдвэр гаргагчдын хамтран хэлэлцэж баталсан Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичиг, эдгээр баримт бичгүүдэд заасан улс орнуудад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй  холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий хуулийн төсөл 11 бүлэг, 54 зүйлтэй.