“Монголын тусгаар тогтнол-1911: Түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний хурал болов
2016.12.27

“Монголын тусгаар тогтнол-1911: Түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний хурал болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА хамтран “Монголын тусгаар тогтнол-1911: түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд зохион байгуулав.

Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, түүх судлалын тэргүүлэх эрдэмтэд, эрдэмтэн багш, судлаачдын төлөөлөл оролцлоо.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Монголын тусгаар тогтнол-1911: Түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Монголын төрт ёсны гол багана, монгол хүн бүрийн хатамжлан сахиж ирсэн тусгаар тогтнол, эрх чөлөө эртний түүхтэй, баялаг уламжлалтай билээ. Монголын тусгаар тогтнол олон үеийн монгол хүмүүний эрдэм билгүүн, хичээл зүтгэл, халуун эх оронч сэтгэл зүтгэлээр буй болсон. Төрийн хар хүмүүс, түшмэд мэргэдийн холч ухаан, гүн бодлогын үрээр өнөө бид эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолтойгоо бүтэн оршиж байна. Тиймээс машид эрхэмлэх үнэт зүйл-тусгаар тогтнолоо хайрлаж, хамгаалах учиртай. Үүний төлөө үг хэлж, тэмцэж, зүтгэх ариун үүрэгтэй юм.

Та бид өнөөдөр эртний Монголын түүхэнд тохиосон нэгэн гайхамшигт үйл явдал, монгол хүмүүний сэтгэлийн нарыг гийлгэсэн түүхт агшин- 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын хувьсгал; уг баатарлаг, бахархам үйл хэрэгтэй холбогдох асуудлыг хэлэлцэхээр хуран цуглаад байна.  ХХ зууны эхэн болоход Монголын ард түмний тэмцэл өргөжин эрх чөлөө, тусгаар тогтнолоо харийн эрхшээлээс чөлөөлөх түүхэн цаг үед тулж ирсэн юм. Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жабзандамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхагласан. 

Зуун зууны түүхийг үргэлжүүлсэн ухаант өвөг дээдэстээ мөргөн сүслэхийн сацуу тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг хожмын үр сад ухаарч сэхээрэн, хүндэтгэж байх ёстой. Үүний тул бид монгол хэл, соёл, түүхийн салбар бодлогын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, зарлиг шийдвэр гарган ажиллаж байна. Тухайлбал, өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр шинжлэх ухааны байгууллагуудын бүтээсэн “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Монголын түүхийн цахим тайлбар толь” бүтээснийг Монголын Үндэсний номын санд олон нийтэд танилцууллаа.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын учир холбогдол, үнэ цэнийг эрдэмтэн мэргэд маань улам бүр нарийвчлан судалж; сайн бүхний эхлэл, гэгээн үйлсийн үргэжлэлийг ард түмэн маань сахин хамгаална гэдэгт итгэж байна.  

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол мөнх орших болтугай.

Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Хурлын үеэр “Орчин үеийн Монголын төрийг үндэслэгч Богд хааны үзэл баримтлал” сэдвээр доктор /Sc.D/, профессор О.Батсайхан, “Богд Жабзандамба хаан ширээнд заларсны нууц түүх” хэмээх зохиолын тухайд” сэдвээр доктор /Ph.D/, профессор Л.Алтанзаяа, “Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг –Сүлд дуу” сэдвээр доктор /Sc.D/, профессор Д.Цэдэв, “Монгол Улсын эдийн засгийн бодлогын асуудлыг нэхэн эргэцүүлэхүй. /1911-1919 он/” сэдвээр доктор /Sc.D/, профессор Ж.Урангуа, “Сэргэн мандсан Монгол Улсын боловсролын хөгжил, түүнд гарсан ахиц” сэдвээр доктор/Ph.D/, профессор Б.Пунсалдулам, “Монгол Улсын шастир, хууль зүйлийн бичгийг ашиглахад анхаарах зарим зүйл” сэдвээр доктор/Ph.D/, профессор З.Лонжид, “Богд хааны төрд хариуцлагын тогтолцоо байсан уу?” сэдвээр доктор/Ph.D/, профессор Г.Мягмарсамбуу нар тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Илтгэлүүдэд дурдсанаар VIII Богд хаан нь орчин үеийн Монголын төрийг үндэслэгч байсан гэлээ. Мөн тухайн үеийн Богд хаант Монгол Улс нь шашин, төрийг хослуулсан теократ төртэй байсан ажээ.

Богд хаант Монгол Улсын Төрийн сүлд дуулал нь “Зуун лангийн жороо луус” хэмээх дуу байсан гэдэг боловч хэрэг дээрээ Чех гаралтай Оросын хөгжмийн зохиолч Катлецийн Монгол ардын хоёр дууны аялгуун дээр түшиглэн зохиосон ая бүхий дуу байсныг “Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг –Сүлд дуу” илтгэлдээ доктор /Sc.D/, профессор Д.Цэдэв тодотгож, уг аялгууг анх удаа сонсголоо. Энэ талаар тухайн үеийн Оросын “Огонёк” сэтгүүл болон архивын зарим материалд бичсэн байдаг ажээ.

“Богд хааны төрд хариуцлагын тогтолцоо байсан уу?” илтгэлдээ доктор/Ph.D/, профессор Г.Мягмарсамбуу Богд хаант Монгол Улсын Төрийн ордонд ямар дэг журам баримталж байсан, андуу ташаа хэрэг үйлдсэнийхээ төлөө төрийн албан хаагчид ямар хариуцлага хүлээдэг байсан талаар сонирхолтой баримт түшин дурдлаа.

Тухайн цагт Төрийн ордонд цол, хэргэмийн дагуу хувцаслаагүй, зэрэг дэвийн дагуу суудал эзлээгүй, Богд хааны зарлиг зэргийг дуудан сонордуулахдаа бусдын зэрэг хэргэмийг буруу хэлсэн зэрэг олон тохиолдолд ял зэм хүлээдэг байжээ. Тухайлбал, бусдын зэрэг хэргэмийг буруу хэлсэн дэд сайд албанаасаа бууж байсан бол Дээд, доод Хурлын гишүүд ажил таслах, хурлаас хожимдох, олон өдрөөр чөлөө авах зэрэгт торгууль хүлээж, зулын шар тосоор торгуулах зэрэг зэм хүлээдэг байсан байна.

Өөрийн зэрэг дэвийн дагуу суух суудлаасаа ялимгүй хойш олбогоо татаж тавьсан түшмэл хариуцлага хүлээдэг байснаас харахад Богд хаант Монгол Улсын Төрийн ордны ёс дэг, төрийн түшмэд, эрхтэн, мяндагтнуудад хүлээлгэх хариуцлага ямар хатуу байсныг гэрчилнэ. Илтгэгч Г.Мягмарсамбуу энэ бүхнийг өнөөгийн Төрийн ордны дэг журам ямар байгаа, УИХ-ын эрхэм гишүүд ажлаа хэрхэн цалгардуулж буйтай жишин ярьсан юм.

Энэ үеэр эрдэмтэн судлаачид Үндэсний номын сан, Тагнуулын ерөнхий газрын архив, Батлан хамгаалах яамны архив, Засгийн газрын архив зэрэг газар хүнд суртал ихтэй, эрдэмтэн, судлаачдад хаалттай, төрийн нууцад хамаатай бус архивын баримт материал, түүхэн эх сурвалж зэрэгтэй танилцахад ихээхэн хүндрэлтэй байдгийг шүүмжлэн хэлж байлаа. Хувь хүнтэй холбоотой материалын нууцлал 70 жилийн хугацаатай байдаг боловч 80-90 жилийн өмнөх, төрийн нууцлал байхгүй  материалуудыг нууц хэмээн гаргаж өгдөггүйг тэд хэлж, нууцлалын хугацаа тогтоосон хууль байдаг ч, хугацаа дууссан материалыг ил болгох журам байдаггүйг хэлж байв. Үүгээрээ Монгол Улсын архив дэлхийд хамгийн хаалттай болохыг шүүмжилцгээсэн юм. ОХУ, БНХАУ, Тайваний архивууд маш нээлттэй, тэндээс баримт материал цуглуулахад төвөг багатай байдгийг эрдэмтэд хэлж байлаа.

Энэ талд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч, холбогдох хуулийн төсөл боловсруулж өгөхийг хүсч байгаагаа хуралд оролцогчид санал болгож байв.