Ё.Баатарбилэг 2016.12.28 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Хилийн хамгаалалтад гарч буй цэрэг галт зэвсэг хэрэглэж болно гэсэн заалтыг нэмэх саналтай байна

Ё.Баатарбилэг: Хилийн хамгаалалтад гарч буй цэрэг галт зэвсэг хэрэглэж болно гэсэн заалтыг нэмэх саналтай байна
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод /2016.12.27/ хамтран хуралдаж, Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төсөлд нэг заалт нэмэх шаардлагатай байгаа бөгөөд гишүүдээс уг саналыг дэмжихийг хүссэн юм. Түүний асуултад Ц.Нямдорж, Ж.Энхбаяр нар хариу өглөө.

Ё.Баатарбилэг: Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 48,5 дахь хэсэгт нэг заалт нэмэх саналтай байна. Өнгөрсөн чуулганы нэгдсэн хуралдаанаар тэр саналыг хэлж, байнгын хороо, ажлын хэсэг дээр хэлэлцэх хүсэлтэй байгаагаа хуралдаан даргалагч илэрхийлсэн. Одоогийн оруулж ирсэн хуулийн төсөлд, хилийн цэргийн хамгаалалтад байгаа обьектод бүлэглэж халдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх тухай зааж өгөлгүй орхигдуулсан байна гэж үзсэн. Тэгсэн атлаа иргэний өмчийн обьектод халдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болоод байдаг.

Хилийн хамгаалалтад гарч буй цэргүүд галт зэвсэг хэрэглэж болохгүй, гав, бороохой, гинж зэрэг хэрэгсэлтэй байхыг зөвшөөрсөн байна. Хилийн цэргийн удирдлагуудтай санал солилцсоны үндсэн дээр хилийн цэргийн хамгаалалтад байгаа обьектод бүлэглэн халдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно гэсэн заалт нэмэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ заалтыг дэмжиж өгөхийг хүсч байна.

Ц.Нямдорж: Хилийн анги, байгууллагууд бүгд цэргийн дүрэм журмаар явдаг. Харуулын албанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүд галт зэвсэг хэрэглэж болно. Хилийн цэргийн хамгаалалтад байгаа обьектод бүлэглэн халдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно гэсэн заалтыг яагаад хилийн цэргийнхэн дэмжиж байгааг ойлгохгүй байна.

Ж.Энхбаяр: Ямар нөхцөлд галт зэвсэг хэрэглэж болох талаар тодорхой заалт нэмэх санал гаргасан байна. Хилийн цэрэг галт зэвсэг хэрэглэж болох тохиолдлууд хуулиар зохицуулагдсан байдаг. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10,1,1 дэх хэсэгт "Цэргийн харуул, хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэнэ" гэж заасан байдаг. Тиймээс Хилийн тухай хуулийн төсөлд тусгайлан уг заалтыг давхардуулан оруулах шаардлагагүй.

Гэхдээ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн саналаар уг заалтыг нэмж тусгалаа гээд илүүдэхгүй. Нийгмийн хамгаалал, эрх үүрэг зэрэг ерөнхий зохицуулалт нь суурь хуульдаа тусгасан байдаг шүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс хилийн цагдаа биш хилийн цэрэг гэж байх нь ёстой гэж хэлээд байгаа нь энэ. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа