Нямбаатар.Х 2016.12.28 | Сайт: Vip76.mn

Х.Нямбаатар: Эдийн засаг хямралтай байхад хүү, торгууль тавьж иргэдээ хохироож байна

Х.Нямбаатар: Эдийн засаг хямралтай байхад хүү, торгууль тавьж иргэдээ хохироож байна
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

Х.Нямбаатар: Замын цагдаагийн газрынхнаас нэг асуулт асууя. Захиргааны албадлага нь урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шийтгэл гээд хэд хэдэн төрлүүдтэй. Зөрчил хянах шийдвэрлэх процессийг Замын цагдаагийн байгууллага зөрчдөг. Сүүлийн нэг, хоёр жилд зорчих хэсгийн нэг, хоёр, гурав гээд аль дуртай эгнээгээ хааж байгаад жолооч нарыг үлээлгээд байна. Захиргааны энэ албадлагын төрөл, хэлбэр нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журамтай хэр зохицож, уялдаж байна вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн орлогыг гол бүрдүүлэгч нь хүү, торгуулийн орлого гэж байсан. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд хүний эрхийг дээдлэх, Үндсэн хуулийн суурь 6 зарчим зөрчигдөж байна. Одоо бол цэргийн дэглэмтэй улс оронд амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрж байна.     

Мэдээжийн хэрэг согтуурч, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь аюултай. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Гэхдээ захиргааны хэм хэмжээ, журмуудыг ноцтой зөрчсөн үйлдэл хийж байгаа нь зөв үү?

Намайг хэд хэдэн удаа үлээлгэсний дараа Замын цагдаагийн ажилтнаас энэ тухай асуухад, сэжигтэй байж болзошгүй, номер нь тогтоогдоогүй, зөрчил гаргасан этгээдийг шалгаж байна, та явж болно гэж хариулсан.

Эдийн засаг хямралтай байхад хүү, торгууль тавьж иргэдээ хохироож байна. Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр давхар шийтгэл оногдуулж байсан зөрчлийг арилгахаар оруулж ирсэнийг дэмжиж байна.

Ч.Жаргалсайхан: Замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид хяналт, шалгалт хийх үндсэн гурван аргачлал байдаг. Нэгдсэн болон хэсэгчилсэн, нэг бүрчилсэн гэж бий. Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан “Тээврийн хэрэгслийг хянаж шалгах журам”-ын дагуу энэ бүхэн хяналт, шалгалт явагддаг. Сүүлийн үед Замын цагдаагийн газраас явуулж буй хяналт, шалгалтад шүүмжлэлтэй хандах боллоо.

Замын хөдөлгөөний осол, зөрчил хамгийн их гардаг цэгүүдэд тандагч багажийн тусламжтайгаар тээврийн хэрэгсэл нэг бүрийг хянаж, шалгаж байна. Цаашид хяналт, шалгалтын давтамж, цэгүүдийг багасгах болно. Хяналт, шалгалтыг оновчтой, боловсронгуй болгох шаардлага бий.

Жолооч, тээврийн хэрэгсэлд ялгамжтай хандахгүй гэсэн үүднээс нэг бүрчлэн шалгаж байгааг ойлгох хэрэгтэй.  Замын хөдөлгөөний оргил цагаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол, аваар гаргах тохиолдол цөөнгүй байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа юм. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа