УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.28

О.Баасанхүү: С.Зориг агсны шүүх хуулийн процесс хуулийн дагуу явсан эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулахыг хүсч байна

УИХ-ын 2016 оны 12 сарын 28 ны чуулган эхэллээ. Чуулганы хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийллээ.

2016 оны хамгийн сүүлийн чуулган өнөөдөр болж байна. Өнөөдөр хэлэлцэх асуудлуудаар ард түмний хүсэн хүлээж байгаа хамгийн чухал гэсэн зүйлүүдийг оруулж ирэх ёстой. Тухайлбал  Эрдэнэтийн 49 хувийн ажлын хэсгийн дүгнэлт юу болсон бэ?

Он дуусаж байна. Нөгөө баахан хулгайч нарыг илэрүүлээд баричихна гээд чанга, чанга дуугараад байсан хүн яагаад дуугүй алга болов. Өмнөх чуулганы хуралдаан дээр Д.Тэрбишдагва гишүүн хаалттай хуралдаж энэ асуудлуудаа хэлэлцэх шаардлага байгааг хэлж байсан. УИХ-ын дарга таныг ирэхээр болно гэж байсан.

Өчигдөр С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал 461 дүгээр хорих ангид хаалттай болж Орхон аймгийн Их Залуу багийн иргэд ял авлаа. Холбогдох хууль тогтоомжтой танилцаж байхад шүүх хурал болж байгаа процесс хоёрын дунд ялгаа харагдаад байна.

Тэгэхээр өнөөдрийн хэлэлцэх асуудал дотроо энэ шүүх хуралтай холбоотой ажлын хэсэг байгуулаад өгөх боломж байна уу гэж хэлэх гээд байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх хурлыг 461-дүгээр байранд хийх ёсгүй гэсээр байхад шүүх хурал нь 461 дүгээр хорих ангид хаалттай хийчихлээ. Энэ асуудалд эргэлзэж, харамсаж байгаа олон хүн надруу хандаж байна.

Хууль зүйн байнгын хороо болон, Хүний эрхийн дэд хороо эсвэл УИХ-аас ажлын хэсэг гаргаж энэ шүүх хурлын процессийг хуулийн дагуу явсан эсэхийг ард түмэндээ таниулж хэлэх ёстой гэж үзэж байгаа учраас УИХ-ын дарга таниас тусгай хяналтын ажлын хэсэг байгуулах тухай хүсэж буйгаа илэрхийлж байна. Парламентийн 25 жилийн ой, Үндсэн хуулийн 25 жилийн ой болох гэж байгаа энэ үед хэдүүлээ хүний эрх, ардчилсан нийгэмд байгаа гэдгээ нотолж Хүний эрх, хэлмэгдүүлэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж ямар нэг дүгнэлт гаргаж болдоггүй юм уу?

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялалж байхад би өмгөөлөгч байсан. Тэр үед хэлмэгдүүлэлт байна гэдгийг хэлж байсан.  Дараа нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намайг Монгол Улсын Ерөнхийлөгч болох гэж байна гээд хэлмэгдүүлээд байгаа гэдгийг хэлж байгаа.

Бид  парламентийн засаглалтай шүүх засаглал нь бие даасан, хуулийн байгууллага нь улс төрөөс хараат бус гэдгийг батлан харуулж дотроо ярилцах хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм.