УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.12.28

Ц.Даваасүрэн: Та сонгогдвол Солонгосын прокурор шиг ажиллаж энэ нийгмийг цэвэрлэж чадах уу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох тухай хэлэлцлээ. Энэ үеэр ЦИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн санал хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Цагдаагийн чиглэлийн хүн юм шиг байна. Прокурор гэдэг нь хүний эрх зөрчигдөж байгаа хэсэгт хяналт тавих  гол субъект шүү дээ. Цаашид манай прокурорын байгууллага ч энэ чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна.

Прокурор хүн ямар байх ёстой гэдгийн жишээг Солонгос улс сая харуулж чадлаа. Тийм  байж чаддаг учраас тэр нийгэм цэвэршиж байна. Гэтэл саяхан манай  Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбоо оффшорт хэдэн арван сая ам доллартай хүний асуудлыг илэрүүлж тавьсан тухай гурван байгууллагын хариуг телевизээр харуулж байна.

Тэр хүнд гэхэд л өмнө нь ёс зүйн хариуцлага хүлээсэн юм байна гээд эрүүгийн хариуцлага тооцоогүй байх юм. Эрүүгийн гэмт хэрэг үйлдчихээд байхад ёс зүйн хорооны дүгнэлт гарсан юм чинь дахиж хариуцлага хүлээх ёсгүй гэх маягийн хариулт өгч байна.

Сүүлдээ шийдчихсэн нөхдүүд өмнөөс чинь тэрний хэрэгтэй харицуулахад миний хэрэг гайгүй гэсэн шиг юм ярьдаг болно. Яваандаа хүчний байгууллагуудын нэр хүнд унаад гэмт хэрэг хүлээдэг хүн гэж ч байхгүй болох шинжтэй. Сая С.Зориг агсны хэргийн талаар ч гэсэн ард түмэн итгэл алдараад эхэллээ.

УИХ-ын гишүүн магадгүй эрүүгийн гэмт хэрэг үйлдчихвэл ёс зүйн хорооноос дүгнэлт гаргаад болчихно гэж үзэх үү? Та энэ асуудалд яаж хандах вэ. Ямар хариуцлага үүрүүлэх вэ? Гурван байгууллагад хандахад гурвуулаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна билээ. Ийм байх юм бол Монголд хэзээ ч шударга зарчим гэж зүйл тогтохгүй. Таны хувьд энэ албанд очвол Солонгосын прокурор шиг хандаж чадах уу?

Нэр дэвшигч

Прокурорын байгууллага Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль зөрчсөн тохиолдолд тухайн сувъект эрүүгийн хариуцлага хүлээдэг байх ёстой гэдэг зарчим баримталж ажиллана гэж бодож байна.