Гадаадын шашны байгууллагын  үйл ажиллагаанд Төр хяналт тавих боломж бүрдүүлнэ
2017.01.02

Гадаадын шашны байгууллагын үйл ажиллагаанд Төр хяналт тавих боломж бүрдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Н.Оюундарь нар Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хуулийн төслийн зорилго нь төрөөс шашны байгууллагатай харилцах механизмыг нарийвчлан зохицуулж, шашны байгууллагын тодорхойлолтыг шинэчлэн томьёолж, бүртгэл, хяналтын асуудалтай холбогдсон харилцааг тодорхой болгоход чиглэсэн байна.

Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан тохиолдолд өнөөдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулиар зохицуулагдаагүй орхигдсон зарим харилцааг хуульчилан зохицуулах боломжтой болох юм.

Тухайлбал, төрөөс шашны байгууллагыг үйл ажиллагаагаа эрхлэн явуулах зөвшөөрөл олгох, хугацааг нарийвчлан тогтоох, улсын бүртгэлд бүртгэх асуудлыг хуульчилж өгвөл орон нутагт янз бүрээр зохицуулагдаж байгаа зүйлийг нэг мөр цэгцлэх боломжтой болно. Шашны байгууллагын үүний дотор гадаадын шашны байгууллагын бүртгэлийн асуудал жигдэрч төрөөс тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэнэ юм байна