Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
2017.01.02

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

Авто замын тухай хууль 1998 онд батлагдан өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдалд өөрчлөлт орж энэ хуулийг одоо байгаагаар нь дагаж мөрдөхөд хуулийн зарим заалт хуучирч хуулиар зохицуулах харилцаанд ихээхэн өөрчлөлт гарсан тул хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон Д.Ганбат үзэж байна.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дээрх үзэл баримтлалын дагуу боловсруулжээ. Хуулийн төсөлд Авто замын сүлжээний хөгжлийг төлөвлөх, оновчтой удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор төрийн байгууллагуудаас авто замыг хөгжүүлэхэд баримтлах зарчим, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгон тусгалаа. Тухайлбал “Авто замын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх” гэсэн хоёрдугаар бүлэгт Засгийн газар, Авто замын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллага, нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг даргын эрх үүргийг тодорхой болгон зааж өгсөн юм байна.

Мөн Авто зам, замын байгууламжийн өмчлөл, эзэмшил, ашиглалтыг тодорхой болгох зорилгоор хуулийн төслийн гуравдугаар бүлэгт Авто замын сүлжээ түүний ангилал, бүрэлдэхүүнд зарим нэмэлт өөрчлөлт оруулж тодорхой болгов. Өнөөгийн шаардлагыг үндэслэн Монгол Улсын үндэсний авто замын сүлжээ гэсэн ойлголтыг бий болгох юм байна.

Нийслэл хотын авто зам өргөжин тэлж байгаа болон уул уурхайн өсөлт хөгжлийг даган шинэ замын хэрэгцээ бий болж байгааг харгалзан нийслэлийн авто зам, тусгай зориулалтын авто зам гэсэн шинэ ангилалуудыг нэмж тусгасан гэлээ. Мөн авто замын сүлжээ өргөжин ашиглалтыг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаатай холбогдуулан Авто замын өмчлөгч, эзэмшигчийг тодорхой болгосон заалтыг Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ