Номтойбаяр.Н 2017.01.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өчигдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан “3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах "Цалинтай ээж" хөтөлбөр, “Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг тус тус батлан хэрэгжүүлнэ"  гэж заасныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд, нийт 531,1 мянган хүүхэдтэй өрх байна. Нийт өрхийн 38 хувь хүүхэдгүй, нийт хүүхэдтэй өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг дэмжих бодлогыг Франц, Белги, Австри зэрэг өндөр хөгжилтэй орнууд хэрэгжүүлдэг, ОХУ, АНУ-д татварын хөнгөлөлтийг хүүхдийн тооноос хамааран нэмэгдүүлж олгодог байна. 

Хүүхдийн өсөлт, хөгжилтөд 0-2 хүртэлх насанд шимт хоол тэжээл, сайн асаргаатай байх нь хүүхдийн тархины болоод цаашдын биеийн хөгжилд хамгийн их буюу эерэгээр нөлөөлдөг. Гэтэл манайд 0-2 хүртэлх насны хүүхдийг асран халамжлах байгууллага дутагдалтай байгаагаас эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ асарч гэртээ байгаад, тэр хугацаанд нь тухайн өрх нэг хүний цалингаар амьдрах нь түгээмэл бөгөөд хүүхэддээ шим тэжээлтэй хоол өгч, хөгжлийг нь хангаж чаддаггүй байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөлд дараахь зохицуулалтыг тусгажээ:

-4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох;

-эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох;

-0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг сар бүр олгох;

-3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох.

Энэ хуулийг хэрэгжүүлэхэд нийт 72.4 тэрбум төгрөг жилд нэмж зарцуулагдах тул хуулийн хэрэгжих хугацааг 2018 он болгосон болно.

Уг хууль батлагдсанаар хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн, эх, нялхасын эрүүл мэндийг сайжруулах, олон хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих, хүүхдийн цаашдын хөгжлийг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

3 бүлэг, 10 зүйлтэй энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлтэй холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан юм байна.

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгойлсон эцэг, эхийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах асуудлыг ч мөн тусгасан тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр онцоллоо