Номтойбаяр.Н 2017.01.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өчигдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрэгтэй 25, эмэгтэй 20 жилээс дээш алба хааж, илүү ажилласан сарын нэмэгдлийг тэтгэвэр бодоход тооцох, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс бодож тогтоох асуудлыг төсөлд тусгасан байна.

Мөн хуулийн төсөлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4 дүгээр хэсгийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тогтоох, цэргийн байгууллагаас халагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.