Сэргэлэн.П 2017.01.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Малын генетикийн нөөцийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Малын генетикийн нөөцийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр /2016.12.28/ Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Малын генетикийн нөөцийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

 Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр 2011 онд хийсэн судалгаагаар уг хуульд бусад хуультай давхардсан 23, зөрчилтэй 10, хийдэлтэй 11 заалт байгааг тогтоосон байна.

Одоо мөрдөж байгаа хуулиар малын тоо, сүргийн бүтцийг зохистой харьцаанд хадгалах, төлөв байдлыг нь үнэлэх, малын нөхөн үйлдвэрлэлийг бүс нутгийн онцлог, эдийн засгийн зорилго, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, малын үржүүлэг, тэжээллэг, арчилгаа, маллагаанд технологийн ажилд хяналт тавих, үржлийн малд сонголт хийх, үүлдэр, омгийн малын ашигт шинж чанарыг бататган сайжруулах, удам зүйн үнэлгээнд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлэг явуулах, хил дамнасан үүлдрийн малын нутагшилтын байдалд үнэлгээ өгөх, баталгаажуулах зэрэг зохицуулалт хангалтгүйгээс малчид, мал аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд төрөл бүрийн үүлдрийн мал, үр, хөврөл үрийг импортлон хяналтгүй ашиглах, эрлийзжүүлгийг хяналтгүй явуулах, удам зүйн үнэлгээ хийгдээгүй эцэг малыг таамгаар сонгон хээлтүүлэгчээр тавих, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтгүйгээр ашиглах зэрэг нийтлэг дутагдал хавтгайрсан нь малын үүлдэрлэг байдал алдагдах, тэсвэрт чанар муудах, давжаарах, нэг малаас авах ашиг шимийн хэмжээ, чанар буурахад хүргэж, улмаар малаас үр шим хүртэгсдийн амьжиргаанд илтэд сөрөг нөлөөлж байгаа юм байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаа, үнэлгээгээр мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт дэлхий нийтэд жилээс жилд өсч, 2050 он гэхэд хөгжингүй орнуудад сүүн бүтээгдэхүүний эрэлт одоогийн түвшнээс 46,0 хувь, махан бүтээгдэхүүн 76,0 хувиар нэмэгдэх, түүнчлэн амьд мал, генетикийн бүтээгдэхүүн солилцох олон улсын худалдаа эрчимжих чиг хандлагатай байгааг харуулсан байна.

Дээрхи эрх зүйн үндэслэл болон практик шаардлагад нийцүүлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан малын удмын санг хамгаалахтай холбогдсон харилцааны хамрах хүрээг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлттэй уялдуулан, малын генетик нөөцтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.