Хаянхярваа.Д Ундармаа.Б З.Нарантуяа Батзориг.Б Жавхлан.Б 2017.01.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өчигдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Б.Батзориг, З.Нарантуяа, Б.Ундармаа нар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын 2016 оны “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тэргүүн ээлжинд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ын 1.3.5-д “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх” гэж, мөн жагсаалтын 1.3.7-д “Банк, санхүүгийн системийн нээлттэй, ил тод байдлыг хангаж, гадаадын банкны салбар нэгж нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох”-оор тус тус заасан.

Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интерацид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой хууль санаачлагчид үзэж байна.

Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байна. Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй байгаа юм байна.

Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус хуулийн төслийг санаачилжээ