undefined 2017.01.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд” барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтлах, түүнчлэн импортыг орлох экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээр тусгасан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулж, улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын Их Хурлаас дээрх шийдвэрийг гаргасантай холбогдуулан Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 189 дүгээр тогтоолоор хөрөнгө оруулагч болон тухайн хөрөнгө оруулалт хийгдэх салбарын эрхэлсэн сайдтай гурвалсан гэрээг хамтран байгуулж, албан татвар хойшлуулах хугацаа болон төлөх татварын хэмжээг нарийвчлан тогтоохыг Сангийн сайдад үүрэг болгож байсан.

Улсын хэмжээний томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд хэрэгжүүлж байгаа төслийн цар хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч бүтээн байгуулалтын ажил хуульд заасан 2 жилийн хугацаанд хийгдэж амжихааргүй байгаа тул үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан татвар төлөх хугацааг дахин 2 жил хүртэл хугацаагаар сунгах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

Хуульд дээрх нэмэлтийг оруулснаар улсын хэмжээний томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжийг олгох юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.