Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
2017.01.02

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон.

Дагаж мөрдөх хүртэлх хугацаанд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй буюу энэ хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн төслүүд, шаардлагатай дүрэм, журмууд батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хариуцсан алба хаагчдад сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдэж дуусаагүй уг хуультай харилцан уялдаатай Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засаг, техникийн орчин нөхцөл бүрэн бүрдээгүй зэрэг шалтгааны улмаас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан юм.

Зөрчлийн тухай хуулийг боловсруулахдаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан, зөрчил болон гэмт хэргийн шинжийг ялгамжтайгаар тодорхойлсон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж буй 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн, хууль зөрчсөн ижил төрлийн үйлдэлд өөр өөр хуулиар харилцан адилгүй хариуцлага хүлээлгэдэг байсныг халсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хуулиар зөрчлийн шинжийг бус хэт ерөнхий байдлаар буюу аливаа хууль тогтоомжийг “зөрчих” гэж тодорхойлсныг өөрчилж, зөрчил, түүний шинжийг илүү дэлгэрэнгүй тодорхойлсон нь хүн, хуулийн этгээд өөрийн ямар үйлдлийг зөрчилд тооцсоныг мэдэх боломжийг бүрдүүлж хууль ёсны зарчимд нийцүүлсэн зэрэг нь дэвшилттэй алхам болсон.         

Гэвч Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ харилцан хамааралгүй зөрчлийн шинжүүдийг нэг зөрчил болгон нэгтгэсэн нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэрлэх субьектын харъяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим төрлийн зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй томьёолсон, мөн хуулийн ерөнхий анги нь хамарвал зохих, үүсч болзошгүй бүхий л харилцааг хамарч чадаагүй гэх зэрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэхээр байгаа юм байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийг нэг мөр ойлгох, хууль ёсны зарчимд илүү нийцүүлэх, практикт хэрэгжихүйц байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.