#VipMemory: Хэн, хэдэн төгрөгийн үнэт цаас гаргах эрх авч байв?
Төрийн ордны ханан дээрх Ерөнхий сайдуудын хөрөг зураг
2017.01.03

#VipMemory: Хэн, хэдэн төгрөгийн үнэт цаас гаргах эрх авч байв?

Vip76.mn сайт “ЭНЭ СЭДВЭЭР ХЭН, ЮУ ХЭЛЖ БАЙВ?” буландаа “ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС /Бонд/ ГАРГАХ” сэдвийг онцолж байна. Энэ сэдвээр УИХ-ын гишүүдийн илэрхийлж байсан байр суурийг #VipMemory–оос хайцгаая.

“Үнэт цаасны тухай хууль” анх 1994 онд батлагдаж, дараа нь 2013 онд “Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль нэртэйгээр шинэчлэн найруулж, батлагдсан байна. 

1996-2008 он:

Энэ хугацаанд Засгийн газрын үнэт цаасыг ихэвчлэн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор жилд нэг удаа, зарим жилд огт гаргаагүй байна. 

  • 1996 онд:  Анх удаа Монгол Улсын Засгийн газар бонд гаргав. Энэхүү бондын зорилго нь төсвийн алдагдлыг нөхөх байв.
  • 2003 онд: Ерөнхий сайд Н.Энхбаярт эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, төсвийн алдагдлын тодорхой хэсгийг дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэх зорилгоор100 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрлийг УИХ олгож байв.
  • 2005 онд: Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор 80 хүртэлх тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрлийг УИХ олгож байв.
  • 2006 онд: Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор 80 хүртэлх тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрлийг УИХ олгож байв.
  • 2007 онд: Ерөнхий сайд М.Энхболдод улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор 90 хүртэлх тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрлийг УИХ олгож байв.

2008-2012 он:

Энэ хугацаанд 5 удаа Засгийн газрын үнэт цаас гаргав.

С.Баярын Засгийн газар - 1 Удаа

УИХ-аар баталсан өдөр:  2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Ерөнхий сайд С.Баярт дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 хүртэлх тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрлийг УИХ-аас олгосон.

С.Батболдын Засгийн газар - 4 удаа

1. УИХ-аар баталсан өдөр: 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Ерөнхий сайд С.Батболдод улсын төсвийн алдагдал болон санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах зарим арга хэмжээг санхүүжүүлэхэд 250 хүртэлх тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрлийг олгосон.

Мэдээллийг унших линк.http://vip76.mn/content/8531 

2. УИХ-аар баталсан өдөр: 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Ерөнхий сайд С.Батболдод Зоос банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдон гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор 100 хүртэлх тэрбум төгрөгийн  Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрлийг олгосон.

Мэдээллийг унших линк: http://vip76.mn/content/8554 

3. УИХ-аар баталсан өдөр: 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

С.Батболдын Засгийн газар бондын 55 тэрбум 443 сая  төгрөгийг улсын төсвийн алдагдлыг нөхөх, 72 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилгоор нийт 127 тэрбум 443 сая 400 мянган төгрөг бонд гаргах зөвшөөрөл УИХ-аас авсан.

4. УИХ-аар баталсан өдөр: 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

С.Батболдын Засгийн газарт дахин нэг удаа бонд гаргах зөвшөөрлийг олгосон юм. Энэхүү бондын зорилго нь улсын төсвийн алдагдлыг нөхөх, төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад 300 тэрбум төгрөгийг гаргах зөвшөөрлийг олгосон юм.

2012-2016

Нийт 6 удаа Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрөл УИХ-аас авсан.

Н.Алтанхуягийн Засгийн газар - 4 удаа

  1. УИХ-аар баталсан өдөр: 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан 270 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн.

2. УИХ-аар баталсан өдөр: 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоол: Эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны 5 тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012-2014 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалахыг УИХ зөвшөөрсөн.

Тухайн үеийн Сангийн сайд Ч.Улаан: Бондын ашгийг урсгал зардал, нийгмийн халамжид зарцуулахгүй

Бондыг хөрөнгө оруулалтын шинжтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай бизнесийн хөтөлбөр арга хэмжээг Санхүүжүүлэхэд зориулж ашиглана. Өөрөөр хэлбэл, өндөр үр ашигтай төсөл хэрэгжиж, эргэж өөрөө зээлээ төлөх бололцоог харгалзан үзсэн үнэт цаас юм. 

Ярилцлагын бүрнээр нь ЭНД дарж уншина уу.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Уул уурхайн төслүүдээ гадныханд тавьж өгөх гэсэн далд санаа байна

Ардчилсан намын зүгээс оруулж ирсэн таван тэрбумын санал нь тодорхой болсон төсөл байхгүй, хоосон мөрөөдлийг санхүүжүүлэх гээд байгаа нь илт байна.

Ярилцлагын бүрнээр нь ЭНД дарж уншина уу.

УИХ-ын тогтоолоор бондын зарцуулалтыг Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн. 

 Б.Гарамгайбаатар: УИХ эрхээ бусдад алдчихаад байна 

Чингис бондын хөрөн­гийн хуваарилалтыг Бодлогын зөвлөл хийж байгаа. Энэ зөвлөлийг Засгийн газ­рын тэргүүн толгойлж, УИХ-аас Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо оролцон ажилладаг. Мөн холбогдох яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг албан тушаалтнууд энэ зөвлөлд багтаж байгаа.

Ярилцлагын бүрнээр нь ЭНД дарж уншина уу.

3. УИХ-аар баталсан өдөр: 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  

Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал, тус сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 313.1 тэрбум /гурван зуун арван гурван тэрбум нэг зуун сая/ төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг зөвшөөрөв.

С.Бямбацогт: Улсын төсөвт ёроолгүй сав шиг хандаж болохгүй

Бонд гаргахыг  дэмжиж байгаа. Богийн арьс, бодын ширэнд урамшуулал олгодог больё, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын тулд эдгээр үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгний зээл олгодог болгохыг дэмжинэ. Гэхдээ цаашдаа олон асуудлыг анхаарах ёстой гэдгийг мартаж болохгүй.

Ярилцлагын бүрнээр нь ЭНД дарж уншина уу.

3. УИХ-аар баталсан өдөр: 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр    

Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал, тус сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 55,715.7 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2013 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг зөвшөөрөв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өрийн босгыг өсгөж болохгүй

УИХ-ын тогтоол бол зөвхөн үнэт цаас худалдаалах эрхийг л олгосон. Ингэхдээ тавьсан шаардлага бол зөвхөн дэд бүтцийн бэлэн болсон төслүүдэд зориулж ,хөрөнгө босго гэсэн. Гэтэл яаж байна? Өнгөрсөн жил босгосон 1.5 тэрбум ам.долларын бондын зарцуулалтын үлдэгдэл нь 600 орчим сая гэнэ.

Ярилцлагын бүрнээр нь ЭНД дарж уншина уу.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар - 2 удаа

УИХ-аар баталсан өдөр: 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр      

Хүний хөгжил сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 320,000.0 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2014 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг зөвшөөрсөн.

Ж.Энхбаяр: Улс орноо барьцаанд тавьж байж бид гаднаас зээл авсан

Улс орноо барьцаанд тавьж байж бид гаднаас зээл олсон. Энэ нь улс орны хөгжлийн томоохон асуудалд зарцуулагдах, хөрөнгийн оруулалтын хөшүүрэг болох, нэмүү өртөг бий болгоход чиглэх ёстой байсан. Эрх баригчдын явуулсан бодлогын алдаанаас болоод л ийм байдал руу орчихлоо. Төсөв мөнгөний бодлого гээд олон зүйл хүнд байдалд орсон”

Ярилцлагын бүрнээр нь ЭНД дарж уншина уу.

УИХ-аар баталсан өдөр:  2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр      

Хүний хөгжил сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 461,120.8 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2015 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.

2016 он 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар  “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэн өнгөрсөн 12 дугаар сарын 14-ний өдөр батлуулсан. 

Энэ тогтоолоор Хөгжлийн банкны актив хөрөнгийн нэмэх зорилгоор  1 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрлийг авав.

Тогтоолын талаарх УИХ-ын гишүүдийн байнгын хороо, чуулган дээрх байр суурийг ЭНД дарж уншина уу.