Эрдэнэ.С 2017.01.03 | Сонин: МОНЦАМЭ

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг бүлэг аваагүй

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг бүлэг аваагүй
АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит хуралдаан хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар зарим Элчин сайдын яам, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулж  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил бүлгийн гишүүдэд тайлбар хийсэн байна. Мөн Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбоотой нэмэлт тоо баримтаар ажлын хэсгээс мэдээлэл сонсохоор төлөвлөсөн ч гишүүд нь ирээгүй тул хойшлуулсан гэж бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээллээ. Үүний дараа сэтгүүлчид зарим асуудлыг тодруулсан юм.
-Сайд Ц.Мөнх-Оргилоос Далай ламын айлчлалтай холбоотой тайлбар авсан байна. Энэ тухай тодруулахгүй юу? 
Хятадын нэр бүхий вэб сайт, олон улсын түвшинд хэвлэл мэдэллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, Хятадын албаны зарим хүмүүсийн “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” гэх зэрэг мэдээлэлтэй холбогдуулж сайд Ц.Мөнх-Оргилоос тайлбар авлаа.
Монгол Улс тусгаар тогтносон улс орны хувьд аливаа айлчлалыг бие дааж шийдэх эрхтэй. Гэвч энэхүү асуудалд Ц.Мөнх-Оргил сайд төгс тоймтой тайлбар хийж чадсангүй. Айлчлал нь шашны шугамаар байсан ч нэвтрэх виз олгох журам нь консулын журмаар шийдэгдэж байгаа. Тийм учраас Засгийн газрын түвшний асуудал юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар дамжуулж Хятад улс руу илгээсэн илгээлтэд дурдсан зүйл нь мөн ийм утгатай байгаа. Ерөнхий сайдаас өөрөөс нь тайлбар авах шаардлагатай гэж үзсэн.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэх боллоо. Бүлгээр төслийг хэлэлцсэн үү. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байна уу?
Ардчилсан намын бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй байлаа. УИХ-ын Тамгын газраас лавлагаа авна.