Б.Жавхлан: Дотоодынхондоо эрсдэл учруулахгүйгээр Хөрөнгө оруулалтын банкны хуулийг батална
УИX-ын гишүүн Б.Жавхлан
2017.02.04

Б.Жавхлан: Дотоодынхондоо эрсдэл учруулахгүйгээр Хөрөнгө оруулалтын банкны хуулийг батална

УИX-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-Оны өмнө Хөгжлийн банктай холбоотой асуудал сөхөгдсөн. Үүнтэй холбоотойгоор та Хөгжлийн банкны хуульд шинэчилсэн найруулга хийж өргөн барилаа. Ямар өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?

Хөгжлийн банкны тухай хуулийг анх 2011 онд өргөн барьж байсан. Тэр үед би Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан болохоор хуулийн төслийн боловсруулалт дээр хамтран ажиллаж байсан. Гэвч анхны боловсруулсан байдлаар батлагдаж чадаагүй. Харин энэ удаагийн сонгуулиас хойш Хөгжлийн банктай холбоотой гурван багц асуудал яваад байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, зарим арга хэмжээний тухай тогтоол, хуулийн шинэчилсэн найруулга гэсэн асуудлууд яригдаж байгаа. Цаг хугацааны хувьд ч гэсэн дээрх дарааллын дагуу явж байна.

Энэ бүхнээс харахад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг илтэд зөрчсөн, хуулийн цоорхойг ашигласан олон үйлдэл банкинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Энэ банкны сүүлийн зургаан жил явж ирсэн бизнесийн схемийг харвал алдаатай зүйл олон. Хөгжлийн банк арилжааны шинжээ алдаж Засгийн газрын хоёр дахь төсвийг явуулдаг бизнесийн байгууллага шиг болчихож. Төсөв дээрээ ачаалал авч дийлэхгүй бол Хөгжлийн банк руу шилжүүлдэг жишиг

тогтсон байсан. Дээрээс нь захиргаадалтын зээлүүд маш их олгож байж. Заримдаа бүр Засгийн газрын хуралдаанаар нэг компани, нэг аж ахуйн нэгжийн зээлийн асуудлыг шийдэж байх жишээтэй Мөн Хөгжлийн банкны төсөл хөтөлбөр санхүүжүүлэх үндсэн чиглэлийг жил бүр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулна гэж заасан байдаг. Энэ бол банкны засаглалын хувьд маш буруу явж байсан. Улстөрчид Хөгжлийн банкны зээлийн бодлогыг тодорхойлоод сууж байдаг.

Ингэж явахаар дунд, урт хугацааны үндсэн чиглэл алдагдах эрсдэлтэй. Ер нь 2011 оноос хойш энэ банктай холбоотой хуулиуд хэрэгжээгүй явж ирсэн. Гэх мэтчилэн банкны арилжааны шинж чанар алдагдаж хэт улстөржсөн, захиргаадалтын шинжтэй, Засгийн газраас шууд хараат байдалтай үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Ингэснээр банкны өөрийнх нь урт хугацааны концепци алдагдаад цаашид орших уу, эс орших уу дээрээ тулсан байгаа юм. Эдгээрийг засаж залруулахын тулд шалгалтын дагуу арга хэмжээнүүд аваад явж байна. Дээрээс нь Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Иймд банкны удирдлагуудтай хамтраад Хөгжлийн банкны тухай хуульд шинэчилсэн найруулга хийхээр болсон юм.

-Хуулийг шинэчлэн найруулахаас гадна үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах уу?

Үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх хэрэгтэй. Засгийн газрын урт хугацааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс өөр аргагүй. Зөвхөн зээл өгөх, баталгаа гаргахаас илүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, хувийн секторынхон эрсдэлийг нь даахгүй мөртлөө үнэхээр улс орны хөгжил болон дэд бүтцэд хэрэгтэй төсөл хөтөлбөр байвал хамтарч ажиллаж болно. Мөн гадаад худалдааны санхүүжилтийн асуудлыг шинээр хуульчлан оруулж өгсөн.

Экспорт импорт, гадаад худалдааны санхүүжилт гэсэн цоо шинэ функцийг нэмж оруулсан. Энэ бол маш чухал асуудал. Энэ сувгаар бидэнд ямар шинэ боломж нээгдэх вэ гэвэл Азийн экспорт импорт банкуудын форум гэж бий. Санхүүгийн маш том нэгдэлд дээрх хуулийн заалтаа барьж очоод нэгдэх боломжтой. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын өмнөөс хийдэг томоохон худалдан авалт гадаад худалдааны оновчтой схемээр явдаг болно. Гэх мэтээр шинэ төрөлд үйл ажиллагааг нь өргөжүүлнэ.

-Хөгжлийн банкны шалгалтын дүнг өнөө хэр ярилцахгүй юм. Хэзээ ил гаргах юм бэ?

Шалгалтын асуудлыг Байнгын хорооны хурлын үеэр нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн. Нууцаас гаргаж олон нийтэд ил хэлэлцэх чиглэл гарсан. Шийдвэр нь хэзээ гарахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. Удахгүй олон нийтэд ил болох байх.

-Оны өмнө Хөгжлийн банктай холбоотой тогтоолыг хэлэлцсэн. Энэ үеэр тайланг заавал арванхоёрдугаар сарын 31-нд балансалсан байх ёстой гэж байсан. Хэтэрхий давчуу хугацаанд шийдчихсэн юм биш үү?

Сүүлийн хэдэн жил эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр 3.3 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн байгаа. Тэрийг төсөв рүү буцаасан байгаа. Өөрөөр хэлбэл, тэнцлээс тэнцлийн хооронд төсөв рүү эргүүлэн татсан. Мөн Хөгжлийн банкнаас Засгийн газарт өгөх ёстой бондын өглөг байсныг хайчилж тэнцлээс тэнцэл рүү гэх зарчмыг баримталж буцааж өгсөн.

Нэг ёсондоо төсөв нь төсөв рүүгээ, арилжааны баланс нь арилжааны баланстайгаа цэгцэрч хоёр тийшээ салсан гэсэн үг. Ингэсэн нь Хөгжлийн банкны цаашдын хувь заяатай шууд холбоотой. Дээсэн дөрөөн дээр байсан зүйлийг нааш нь ашигтайгаар татсан. Төсвөөс санхүүжих ёстой байсан өр зээл хугацаандаа төлөгдөхгүй болохоор Хөгжлийн банкны алдагдал болох гээд байсан. Тэгвэл банкаа ямар ч ирээдүйгүй болгоно. Тиймээс уг балансыг маш түргэн цэвэрлэж тогтоолыг оны өмнө гаргасан. Арванхоёрдугаар сарын 31-ний балансад ингэж тусгах хэрэгтэй байсан.

Оны дараа олон улсын аудит орох үед жилийн эцсийн баланс тэнцэж байх ёстой. Одоо нэгэнт цэгцэрсэн юм чинь олон улсын  зах зээл дээр ажиллах боломжтой болсон. Зээлжих зэрэглэл одоогийн хэмжээнээс муудахгүй. Хэрэв энэ асуудлыг ингэж шийдээгүй бол Хөгжлийн банктай холбоотой бүх асуудал 1.5 жилээр автоматаар хойшилно.

-Одоо асуудлаа шийдчихсэн юм чинь Хөгжлийн банк гадны зах зээлд хэрхэн “тоглох” боломжтой болж байна вэ?

Одоо олон улсын зах зээл дээр гадныхантай хамтарч ажиллах бүрэн боломжтой болж байгаа. Үүн дээр нэмээд Азийн экспорт импорт, гадаад худалдааны форумд нэгдэх хэрэгтэй. Ингэвэл маш олон хамтран ажиллах боломж гарч ирнэ. Зөвхөн бонд гаргаж өөр дээрээ авчран тараах биш хүний мөнгөөр олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж эрсдэлээ хуваалцах замаар ажиллах боломжтой.

-Хуулиа шинэчилчихвэл өмнөх шиг захиргаадалтын аргаар зээл олгодог байдал бүрэн зогсох уу?

Тийм боломжуудыг хуулиар хааж өгч байгаа. Дээрээс нь хүний хүчин зүйлээс их хамаарна. Хуулиа дээдэлж дагаж мөрдөх ёстой. Захиргаадалтын зээл өгч байна гэдэг банкны өөрийнх нь арилжааны шинж чанарыг алдагдуулдаг. Яваандаа урт хугацаанд оршин тогтнох дархлааг сулруулж байна гэсэн үг.

-АН-ынхан Хөгжлийн банкнаас захиргаадалтын аргаар чанаргүй зээл олгоогүй гээд байгаа?

Шалгалтын дүн олон нийтэд ил болох үед тэндээс л харъя. Шалгалтын материалыг нэг бүрчлэн хараагүй байгаа болохоор нарийн хэлж мэдэхгүй байна.

-Оны өмнө бас нэг хууль өргөн барьсан нь Хөрөнгө оруулалтын банктай холбоотой. Энэ ямар хууль юм бэ?

Бид 1990 оноос хойш банкны хоёр шатлалтай систем рүү орсон. Тэрнээс хойш төв болон арилжааны банкны гэсэн хоёр хуультай явж байна. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль банкны системийн гурав дахь, цоо шинэ хууль болж байгаа. Юуг зохицуулах вэ гэхээр тусгайлан төрөлжсөн банкны үйл ажиллагааг зохицуулна. Арилжааны банкны хууль гэдэг нийтлэг үйлчилгээний банкны үйл ажиллагааг зохицуулдаг. 1990 оноос хойш 26 жил хэрэглэж байна. Маш сайн хууль болсон.

-Шинэ хууль гарах ямар шаардлага гарсан юм бэ?

Манай улсын эдийн засаг нэлээн томорч өссөн. Энийг дагаад банкны систем хурдацтай өсөж байгаа. Гэсэн хэдий ч хөгжлийн бодлоготой уялдах шаардлагатай  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд дотоодын банкуудын боломж хүрэхгүй байх тохиолдол гардаг. Иймд банк санхүүгийнхээ системээр дамжуулж гадны хөрөнгө оруулалт оруулж ирэх шаардлага гарч байна. Үүнийг дагаад том төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг энэ хуулиар нээж өгч байгаа юм.

Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Уг хуулийг баталснаар гадны банкны салбарыг нээх гэж байна гэж ойлгож болохгүй. Гадны банк, сан, институци, хувь хүн байх нь хамаагүй. Тусгай чиглэлийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулах эрх аваад манай улсын зах зээлд ажиллах эрх зүйн орчныг зохицуулна.

Яагаад заавал төрөлжсөн банкны хууль гаргаж байна вэ гэвэл нэг асуудал гарч ирж байгаа. Хуучин хуулиар бид одоо үйл ажиллагаа явуулж буй 13 банкийг зохицуулж байна. Том банк ороод ирвэл дотоодын банкуудад эрсдэл учирч болзошгүй. Эрсдэл учруулахгүйн тулд, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжийг хамгаалахын тулд хуулийн тусдаа зохицуулалттай байх юм.

-Жишээлбэл, шинэ хуулийн зохицуулалтаар буюу хөрөнгө оруулах зорилгоор манайд үйл ажиллагаа явуулах банкуудад ямар шаардлага тавих вэ?

Ийм чиглэлээр орж ирж байгаа банк манай улсын дотоодын зах зээл дээр ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн хадгаламж, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй харилцах байдлаар эх үүсвэр татахгүй. Өөрсдөө гаднаас эх үүсвэрээ барьж орж ирээд санхүүжилтээ хийгээд явна.

-Ямар ямар чиглэлд хөрөнгө оруулах вэ?

Өнөөдөр манай дотоодын банкуудын дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум төгрөг байдаг. Харин гаднаас орж ирэх бол дүрмийн сан нь хамгийн багадаа 300-500 тэрбум байх юм. Нэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх доод хэмжээ 100 тэрбум байна гэхчилэн зохицуулалт хийнэ.

Дотоодын банкуудын ажиллах боломжгүй зах зээл дээр ажиллана гэсэн үг. Ерөнхийдөө арилжааны банкуудтай зах зээл булаацалдахгүй. Иргэдээс хадгаламж аваад, цалингийн зээл олгоод байхгүй.

-Иргэдэд ямар нөлөөтэй ажиллах вэ?

Арилжааны банкуудтай зах зээл булаацалдахгүй гэсэн үг. Гэхдээ банк хоорондын зэх зээлд ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, манай дотоодын банкуудад боломжийн хугацаатай, боломжийн хүүтэй зээл олгох боломж нээгдэнэ. Мэдээж хэрэг энэ хуулийг баталснаар эдийн засаг өргөс авчихсан мэт сайжрахгүй.

Хууль гарангуут манай улс руу орж ирэх гэж баахан банк дугаарлахгүй нь мэдээж. Магадгүй тав, зургаан жилийн өмнө гадны банк манайх руу хошуурах байсан байж мэднэ. Одоо бол нөхцөл байдал муу байна. Зээлжих зэрэглэл буурч, бизнесүүд удааширсан байгаа. Ийм үед гадны банкууд манайд тийм хурдан орж ирэх нь юу л бол. Харин хуулиа батлуулчихвал олон нийтэд сурталчилж таниулах хэрэгтэй.

-Энэ хуулийг баталчихвал гадны банк орж ирэх хууль, эрхзүйн орчин бүрдсэн байна гэсэн үг үү?

Шууд тэгж хэлж болохгүй. Яагаад гэвэл одоо байгаа манай банкны тухай хууль гадны банкуудад нээлттэй. Үйл ажиллагаа явуулж буй 13 банкны долоо нь их, бага хэмжээгээр гадны хөрөнгө оруулалттай.

-Иргэдэд шууд нөлөө байх уу. Ямар ашигтай байх вэ. Ипотекийн зээлийн хүү буурах уу?

Аажмаар иргэдэд маш эерэгээр нөлөөлнө. Санхүүгийн зах зээл дээр шинэ үйлчилгээ нэвтэрнэ. Гадаад эх үүсвэр нэмэгдэх байх. Дагаад хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгал нэмэгдэнэ. Макро эдийн засгийн утгаараа зах зээлд эерэг нөлөөгөө үзүүлээд явна. Харин гадны банк ороод ирвэл зээлийн хүү шууд буурна гэж байхгүй. Ерөнхийдөө банк санхүүгийн салбарт реформ хийх гээд байгаа юм.