Энхбаяр.Ж т.бадрал 2017.01.04 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан /2017.01.04/ өнөөдөр 14 цаг 23 минутаас 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.

Анх 2003 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд уг хуульд 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн нэр томьёоны тодорхойлолт дутуу, зарим тодорхойлолт нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголттой зөрсөн, гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, гамшгаас хамгаалах үндэсний удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг бүрэн гаргаагүй, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцаа зохицуулагдаагүй, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, эрх, үүрэг тодорхой бус зэрэг дутагдалтай талууд байна.

Иймээс одоо мөрдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн хүлээх чиг үүрэг, гамшгийн улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг төв, орон нутгийн онцгой байдлын анги, байгууллага, Засгийн газрын яам, агентлаг, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнд танилцуулж, холбогдох талуудын төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг 2013-2016 онд нийт 5 удаа зохион байгуулж, гарсан санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгасан.

Хуулийн төсөл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн ерөнхий зорилт, агуулгыг хэвээр хадгалж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 54 зүйлээс бүрдэх бөгөөд энэхүү хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино байгааг хууль санаачлагч илтгэлдээ онцоллоо.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

- Гамшгаас хамгаалах менежментийн үе шатууд болох гамшгийн өмнөх буюу урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгийн үеийн үйл ажиллагаа, гамшгийн дараахь үеийн үйл ажиллагааг бүрэн тодорхойлсон.

- Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төрлүүдийг нарийвчилж тусгасан.

- Гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг шинээр оруулсан.

- Үндэсний болон орон нутгийн түвшний холбогдох талуудаас бүрдсэн удирдлагын манлайлал, бодлого, зохицуулалтын механизм бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах асуудлыг тусгаж эрх, үүргийг тодорхойлу өгсөн.

- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, сайн дурынхны оролцоог хангах, эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон.

- Онцгой байдлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлага, албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуультай нийцүүлж, давхардлыг арилгасан гэдгийг хуулийн танилцуулгад дурджээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Н.Энхболд, Г.Занданшатар нар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нараас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан үг хэлсэн юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болж, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах таатай нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн гамшгаас хамгаалах /урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох цогц арга хэмжээ/, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дагавар гарна. Тухайлбал, гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалтын механизм бүрдэж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдэнэ, гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа эрчимжиж, гамшгийн эрсдэл буурна, гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, түүнийг зохицуулахтай холбогдон гардаг хүндрэл, бэрхшээл арилна. Түүнчлэн онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалт тодорхой болж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, улсын нөөц-хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдаж, үр дүн нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Уг хуулийн төсөл батлагдсанаар 2003 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох бөгөөд холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.