Энхболд.Н 2017.01.05 | Сайт: Vip76.mn

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл: Тоогоор илэрхийлэхүй

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл: Тоогоор илэрхийлэхүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын үеэр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн агуулга, зүйл заалтыг улс төрийн намууд, УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж, байр сууриа илэрхийлж байна.

Тэгвэл 2016 оны 12 дугаар сарын 27-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд тусгасан зарим онцлох заалтуудыг хуулийн төслийг эх сурвалж болгон авч, бодитоор хүргэж байна. 

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх бүхий хоёр этгээд:

1. Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа

2. Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтран

Нам дангаар нэр дэвшүүлэхдээ баримтлах үндсэн хоёр журам  

1. Тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх

2. Эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглох

Нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт тусгах гурван зүйл:  

1. Намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага, гишүүдийн тоо

3. Хуралдаанд оролцсон гишүүдийн ирц

4. Нэр дэвшиж байгаа хүн бүрийн авсан саналын тоо, хувь.

Намууд хамтарч нэр дэвшүүлэхдээ баримтлах үндсэн хоёр журам:

1. Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр намын төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар шийдвэрлэнэ.

2. Хамтарч нэр дэвшүүлэх тухай нам тус бүрийн намын төлөөллийн төв байгууллагын хуралдаанаас гарах шийдвэрт тухайн намын дарга гарын үсэг зурснаар намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудал шийдвэрлэгдсэнд тооцно.

Нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт тусгах гурван зүйл:  

1. Хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагад тухайн намаас оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо

2. Хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд орох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо

3. Сонгуулийн зардлын санд тухайн намаас оруулах хөрөнгийн хувь, хэмжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бүрдүүлэх 13 баримт бичиг:

/Доорх бичиг баримтыг санал авах өдрөөс 32-оос доошгүй хоногийн өмнө бүрдүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх үүрэгтэй. Үүнээс үзвэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр тавдугаар сарын сүүлийн 7 хоногт эцсийн байдлаар тодорхой болно гэсэн үг./

1. Нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл

2. Нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл

3. Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсан тухай Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт

4. Өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг

5. Өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаархи татварын болон Улсын дээд шүүхийн тодорхойлолт

6. Төрийн жинхэнэ албан хаагч байсан хүний тухайд ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, түүнчлэн ажил албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар

7. Нэр дэвшигчийн намтар

8. Сонгуулийн мөрийн хөтөлбөр

9. Төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг нотолсон архивын лавлагаа/

10. Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт

11. Нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг

12. Нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаархи Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсгийн дүгнэлт

13. Нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын дүрэм

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

/Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль 6 дугаар сарын 29-нд болно гэж тооцвол тавдугаар сарын 12 гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийн нэр эцсийн байдлаар тодорхой болно гэсэн үг./

Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах долоон шалтгаан:

1. Хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй.

2. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй.

3. Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн

4. Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу.

5. Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш нэр дэвшигчийг бүртгэх хүртэл хугацаанд энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан.

6. Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулиар тогтоосон журмыг зөрчиж явагдсан.

7. Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг хуурамч.

Нэр дэвшүүлэхгүй байх хоёр тохиолдол:

1. Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй.

2. Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно.

Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих нийтлэг бус долоон шаардлага:

1.Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй.

2. Хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх.

3. Нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.

4. Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.

5. Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

6. Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

7. Нам аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.

"Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байна. 

Сонгуулийн үндсэн таван зарчим:

1. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж Ерөнхийлөгчийг сонгоно.

2. Анхан шатны сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн /цаашид “сонгуулийн эрх бүхий иргэн” гэх/ бүр оролцох эрхтэй.

3. Сонгогч анхан шатны сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.

4. Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

5. Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжоор хангагдсан байна.

Сонгуулийг санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зургаан зарчим:

1. Хууль дээдлэх

2. Ил тод байдлыг хангах

3. Сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах

4. Маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх

5. Сонгогчийн эрх, Ерөнхийлөгчийнсонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх

6. Энгийн ойлгомжтой байх

Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэх 23 төрлийн зардал:

1. Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал

2. Нэр дэвшигчийн үнэмлэх,сонгуулийн штабын менежер, шадар туслагч, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх хэвлэх, хүргүүлэх зардал

3. Нэр дэвшигчийн хамгаалалтын зардал

4. Саналын хуудас хэвлүүлэх, хамгаалах, хүргүүлэх, устгах зардал

5. Сонгуулийн дүн, мэдээний маягт, бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчийн гарын үсэг цуглуулах маягт, сонгуулийн байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудас хэвлэх, хүргүүлэх зардал

6. Тамга, тэмдэг, лац, саналын хуудас битүүмжлэн хадгалах уут бэлтгэх зардал

7. Санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээ хийх, тээвэрлэх болон даатгал, тусгай тэмдэглэл хийх хэрэгсэл,саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас, дугтуй, тэдгээрийг худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх, татан авах зардал

8. Санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулах зардал

9. Саналын хайрцаг хийх, хүргэх, санал авах байрын болон санал авах байр бэлтгэх, тохижуулах зардал

10. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, архивын баримт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх зардал

11. Сонгуулийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, нөөц даамлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал

12. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал

13. Сонгуульд нэр дэвшүүлсэн нам, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтыг хянан шалгахад гарах зардал

14. Нэмэлт болон дахин санал хураах, ээлжит, ээлжит бус болон дахин сонгууль явуулах зардал

15. Сонгуулийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын тухайн сонгуулийн байгууллагад ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал

16. Сонгуулийн байгууллагын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал

17. Сонгуулийн байгууллагын ажилтны үнэмлэх, нэр дэвшигчийн батламж, мэдээллийн технологийн багийн гишүүний үнэмлэх, даамлын гэрчилгээ, үнэмлэх, санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ, баталгаажуулалтын наалтыг хэвлүүлэх, хүргүүлэх зардал

18. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулсан үйл ажиллагааны тайлан бэлтгэх, хэвлүүлэх зардал

19. Сонгуулийн байгууллагын ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох зардал

20. Гадаад улсад байгаа иргэдийн санал авахтай холбогдон гарах зардал

21. Онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал

22. Сонсогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонсогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн мөнгөн урамшууллын зардал

23. Сонгуулийг зохион байгуулахтай холбогдсон бусад зардал

Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй.

Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтанд хориглох 10 зүйлс:

1. Сонгуульд оролцож байгаа аль нэг нам, хамтарсан намууд, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах

2. Сонгуульд оролцож байгаа аль нэг нам, хамтарсан намууд, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах

3. Сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдох

4. Санал хураах, тоолох ажилд саад хийх

5. Бусдыг төлөөлж санал өгөх

6. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх

7. Гарын үсэг хуурамчаар үйлдэх

8. Саналын хуудас солих

9. Хүчингүй саналын хуудсаар санал авах

10. Хуулиар хориглосон бусад аливаа үйлдэл гаргах, зохион байгуулах, оролцох

Сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. 

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой дөрвөн заалт:   

1. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

2. Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно

3. Санал авах байрын албан ажлын хэрэгцээнээс бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

4. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, хамтарсан намуудыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг зөвхөн цахим хэлбэрээр нэг удаа олгоно.

Гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

Сонгогч шилжих тухай найман заалт:

1. Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө.

2. Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

3. Сонгогч шилжсэн бол сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн ард “Шилжив” гэсэн тэмдэглэгээг хийнэ.

4. Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ.

5. Шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ.

6. Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 7 хоногийн өмнө зогсооно.

7. Санал авах байранд санал авах өдөр ажиллах санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжит төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал тухайн санал авах байранд шилжин ирж санал өгч болно.

Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараахь өдөр сэргээнэ.

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа