Ц.Даваасүрэн: Хууль санаачлах эрхтэй гурван сувьектийн нэг нь давуу эрхтэй байж болохгүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.01.05

Ц.Даваасүрэн: Хууль санаачлах эрхтэй гурван сувьектийн нэг нь давуу эрхтэй байж болохгүй

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 55 саналаар санал хурааж эхэлсэн. Санал хурааж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

“Өргөн мэдүүлэх хугацаа”-г юуг үндэслэж ингэж оруулж ирж байгааг гайхаад байна. 2016-2020 он гэж оруулах нь оновчтой байсан болов уу гэж бодож байна. Ихэнх хуулийн төслийг 2016 онд багтаан батлах байсан ч амжаагүй шинэ он гарчихлаа.

2017 онд олон хууль баталж, 2018 онд бас нэг хэдэн хууль батлаад, 2019, 2020 онуудад ажилгүй юм шиг суух дүр зураг харагдаад байна. Мөн “Тухайн жилд” гэж оруулж ирсэн нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан хэрэг болчихоод байна л даа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өмнөх парламентуудад хамгийн олон хууль санаачилдаг гишүүдийн нэг байсан нь үнэн. Гэхдээ одоо санаачлах хууль үлдээгүй гэсэн үг биш шүү дээ. 

Бид хууль санаачлах эрхээ хязгаарлуулмааргүй байна.

Цаг хугацаагаар боомилуулмааргүй байна. Учир нь хууль санаачлах гэдэг нь хувь хүний эрх биш юм. УИХ-ын гишүүн бол иргэд, олон нийтийн эрэлт хэрэгцээ, хүсэлт шаардлагад тулгуурласан хуулийг санаачилж байх үүрэгтэй төрийн төлөөлөл шүү дээ. Тиймээс цаг хугацаагаар барих, эсвэл уг тогтоолын төслийн хавсралтад багтсан хуулийн жагсаалтыг харгалзана, харгалзахгүй гэх мэт зүйл заалт оруулахаад ирэхээр Үндсэн хуулийн зөрчил үүснэ.

Тогтоолын төслийг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандвал уг тогтоолын төсөл батлагдах эсэх нь бүрхэг болно.

Дахин хэлэхэд, 2016-2020 он гэж нарийвчлан зааж өгөхгүй бол 2019, 2020 онуудад хийх ажил байхгүй мэт харагдаад байна. Тогтоолын төслийн заалтын дагуу, гишүүд хууль санаачлах эрхгүй болчихно. Мөн цаг хугацааны хувьд 2018 он хүртэл эрчимтэй ажиллаж байгаад сүүлийн 2 жилд юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй болчихлоо.

Зарчмын зөрүүтэй зарим саналыг харахад, 2017 онд санаачилж, өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөсөн зарим хуулийн төслийг 2018 он хүртэл хойшлуулахаар оруулж ирсэн байна. Тиймээс дараа, дараагийн хэлэлцүүлгийн үеэр тогтоолын төслийн 2 дахь заалтыг эргэн харахгүй юм бол хууль санаачлах гурван сувьектийн нэг нь давуу эрхтэй байж болохгүй.

Цаг үеийн нэн шаардлагатай асуудлаар тэр дундаа хямралын үед яагаад УИХ-ын гишүүд хууль санаачилж болохгүй гэж? Улс орноо хямралаас гаргахын төлөө зөвхөн Засгийн газар биш хувь гишүүн ч гэсэн ажиллах ёстой.

Тиймээс хэлэлцүүлгийн явцад 2016-2020 он хүртэл гэх зэргээр цаг хугацааны хувьд уян хатан байх нь зүйтэй. Жишээлэхэд, Соёлын тухай хуулийг яагаад заавал 2018 онд өргөн барьж, хэлэлцүүлэх ёстой гэж? 2017 онд болохгүй гэж үү?

Олон улсын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүслээ гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн шаардлага харгалзахгүйгээр хууль санаачилж болно шүү дээ.

Тийм байхад уг тогтоолын төсөлд зөвхөн Засгийн газар цаг үеийн шаардлага харгалзахгүйгээр тогтоолын төслийн хавсралтад багтсан эсэхийг үл харгалзан хуулийн төсөл санаачилна гэж оруулсан байх юм. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдгийг ойлгож дараагийн хэлэлцүүлэгт бэлдэхдээ үүнийг эргэн харахыг хүсье.