Баасанхүү.О Оюундарь.Н 2017.01.05 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү&Н.Оюундарь: Хамтран хуулийн төсөл санаачлах болов уу?

О.Баасанхүү&Н.Оюундарь: Хамтран хуулийн төсөл санаачлах болов уу?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийн төслийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.

Эхний хэлэлцүүлгийн явцад Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн 43 санал, дэмжээгүй 12 саналын томьёоллоор санал хураасан юм.

Тухайлбал, төслийн хавсралтын “1,15 Эрүүл мэндийн чиглэлээр” гэсэн хэсэгт “Үргүйдлээс урьдчилан сэргийлэх болон тээгч эхийн зохицуулалтын тухай” хуулийн төслийг нэмэх саналыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь гаргасан ч байнгын хорооны гишүүдийн олонх уг саналыг дэмжээгүй байна.

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Оюундарь уг саналаа чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдээр дэмжүүлэх зорилгоор үг хэлсэн.

Н.Оюундарь: Залуу хосуудын 30 хувь нь үргүйдэлд өртөөд байна

"Бидний хувьд хамгийн чухал асуудал бол үр удмаа үлдээх шүү дээ. Тиймээс уг асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Тэр дундаа Монгол Улсад 300 мянга гаруй залуу хос амьдарч байна. Эдгээр хосын 30 хувиас илүү хувь нь үргүйдэлд өртжээ.

Тиймээс үргүйдлийг зайлшгүй хуульчилж ямар арга замаар, яаж үр удмаа үлдээх, түүнд эрүүл мэндийн байгууллага ямар дэмжлэг, туслалцаа үзүүлж болохыг нарийвчлан тусгах хэрэгтэй байна. 

Ялангуяа эрүүл мэндийн даатгалын системийг яаж уялдуулах, тээгч эхийн асуудлыг зохицуулах гээд хууль эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүд ээ, үр хойчийнхоо төлөө уг асуудалд анхаарч, байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй байхыг хүсье."    

УИХ-ын гишүүн Н.Оюундарийг үг хэлж дууссаны дараа О.Баасанхүү гишүүн үргэлжлүүлэн нэгэн санал дэвшүүлсэн. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн гэж өөрийнх нь нэр төрд халдсан гэдгийг дурдсан.

Харин энэ удаад түүний гаргасан "Үргүйдлээс урьдчилан сэргийлэх болон тээгч эхийн зохицуулалтын тухай" хуулийн төслийг нэмэх саналыг дэмжиж байгааг илэрхийлээд уг хуулийн төслийг хамтран санаачлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

О.Баасанхүү: Үр хөндөлтийг таслан зогсоосон бол Монгол Улс 7-8 сая хүн амтай байх байлаа

"Тээгч эхтэй холбоотой асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Хүний наймаа уг асуудлыг дагаж явдаг. Ялангуяа, жирэмсэн байхад нь гадагшаа авч гараад, тэдэнд нь төрүүлж, хүүхдийг нь авч үлдээд эрхтэн наймаалах явдал ч олон улсад байдаг. Үргүйдэл гэдгийг үр хөндөлттэй холбогдуулан хуулийн төсөл боловсруулаасай гэж хүсч байна. 

Учир нь үр хөндөлтийг цаг алдалгүй зогсоосон бол Монгол Улс өдийд 7-8 сая хүн амтай байх байсан. Тиймээс Н.Оюундарь гишүүний гаргасан саналыг дэмжиж, боловсронгуй болгох тал дээр хамтран хууль санаачлах хүсэлтэй байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарьд санаачилсан хуулийн төслөө уншдаггүй гэм бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хамтран өргөн барьсан, хууль санаачлагч дунд гарын үсэг чинь бий гэж миний нэр төрд халдсан.

Тиймээс “Үргүйдлээс урьдчилан сэргийлэх болон тээгч эхийн зохицуулалтын тухай” хуулийн төслийг хамтран санаачилья. “Үргүйдэл” гэдэгт ач холбогдол өгч, үр хөндөлтийг зогсоох талд анхаарал хандуулья.

Харин “тээгч эх”-ийн асуудлыг эргэн харах нь зүйтэй байх. Хуульч хүний үүднээс танд дэмжлэг болох үүднээс хамтран хууль санаачлах санал тавьж, таны саналыг дэмжиж байна.

Ингээд байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад 43 гишүүн оролцож, 6 гишүүн зөвшөөрч, 37 гишүүн татгалзсанаар 86 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Оюундарийн гаргасан санал гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадлаа. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарийн санал дэмжигдсэн учраас “Үргүйдлээс урьдчилан сэргийлэх болон тээгч эхийн зохицуулалтын тухай” хуулийн төслийг санаачлах болж байна. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн саналыг хүлээн авч, уг хуулийн төслийг хамтран санаачлах болов уу?

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn