Болд.Л 2017.01.06 | Сайт: Vip76.mn

Л.Болд: М.Энхболд, Н.Энхболд! Та хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

Л.Болд: М.Энхболд, Н.Энхболд! Та хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай маш том хуулийн төсөл оруулж ирсэн. Уг хуулийн төслийг хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан. Уншиж, танилцаж амжаагүй байхад л уг хуулийн төслийг батлах тухай ярьж байна.

Хуулийн төслийн талаар тайлбарлахдаа, техникийн шинжтэй хэдэн засвар л оруулах гэж байна гэсэн. Техникийн засвар оруулахыг хүлээн зөвшөөрч байна. Гишүүдийн ярьж байгаагаар хоногийн зөрчил бий, сонгуулийн санал авах өдрөө зарласан атлаа хуулиа өөрчлөх гээд байдаг гээд өмнөх парламентын гаргасан хэд хэдэн алдаа бий. Гэхдээ МАН өмнөх алдааг давтаж яах нь вэ?

Өмнө нь Сонгуулийн тухай хуулийг нэр бүхий гишүүд сонгуулийн өмнө өргөн барьж, өөрчилсөн. Уг өөрчлөлтөөр бол УИХ-ын гаднаас ямар нэгэн хүн нэр дэвших, нэр дэвшсэн ч маш хүнд нөхцөл байдал үүсгэсэн гэж шүүмжлүүлдэг.

Туршлагатай парламентч, нэр хүндтэй улс төрч, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нараас асуухад, уг хуулийн төслийг хэлэлцүүлэггүй батлууллаа гэхэд та хоёр Ерөнхийлөгчид нэр дэвших үү? Хэрэв та хоёр нэр дэвших юм бол энэ бол эрх, ашгийн зөрчил болно. Ийм эрх, ашгийн зөрчил байж болохгүй.

Энэ парламентын онцлог бол үнэмлэхүй олонх байна. 9 гишүүнтэй цөөнх байна. Нэг гишүүнтэй нам байна. Нэг бие даагчтай. МАН, АН, МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг уг хуулийн төсөл үгүйсгээгүй. Гэхдээ хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Ямар тохироо хийснийг үнэхээр мэдэхгүй.

Бие даагч бол ард түмний тодорхой дэмжлэг авсан. Өөрөөр хэлбэл, ард түмний төлөөлөл мөн үү, мөн. Энэ бие даагч ард түмнийхээ шаардлагын үндсэн дээр өөрөө нам байгуулж, эсвэл намд элссэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нь нээгдэх үү, үгүй юу? Хэрэв нам байгуулбал эсвэл намд элссэн тохиолдолд парламентад суудалтай нам болно л гэсэн үг.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нам, улс төрийн хүчин, бие даагчдын авсан саналыг үнэн бодитоор хэлээд өгөөч? Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь батлах шаардлага, хэрэгцээ байгаа гэдгийг ойлгож байна.

Гэхдээ нэг хуулиар гурван сонгууль явуулах байтал хоёр сонгуулиа одоогийн хуулиар явуулчихаад одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хууль гаргаж байгаагаас харахад ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хүчин төгөлдөр байж чадах уу?

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Бид өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдгийг зохицуулсан хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэн нэр дэвших, хэн ямар бодолтой байгаа нь өнөөдрийн хэлэлцэх асуудалд хамаарахгүй.

Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Д.Хаянхярваа, Н.Оюундарь гэсэн нэр бүхий 5 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь нэг байнгын хорооны дарга нь дэмжээд, өөр нэгнийгээ нэр дэвшүүлэх гээд байгаа асуудал огт байхгүй. Зохисгүй газар тавьсан буруу асуулт байна.

Бид бүх зүйлийг хуулийн дагуу зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН нийт сонгогчдын 45 хувийн санал авсан гэж байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар тэрнээс ч бага хувийн дэмжлэг авсан нам эрх барьж байсан шүү дээ. 45 гэдэг бол мэдээж бидний дотроо бодож явах ёстой тоо мөн.  

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа