Ё.Баатарбилэг 2017.01.06 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ёс зүйтэй байгаасай гэж хүсч байна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа. 

Ё.Баатарбилэг: Гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байх талаар уг хууль, тогтоолын төсөлд тусгаж болох уу?

"Улсын Их хурлын чуулганы дэгтэй холбоотой зарим асуудлыг уг хууль, тогтоолын төсөлд нэг мөр тусгаж өгч болох уу? Гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой зүйл, заалтыг нь тусгах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тухайлбал, өргөн мэдүүлсэн хуулийн төслийнхөө эсрэг санал өгдөг эсвэл дэмжинэ, дэмжихгүй гэсэн квоттой санал дээрээ эсрэг санал хэлдэг.

Энэ нь өргөн мэдүүлж буй хуулийн төслөө хэлэлцүүлж байх үеэр УИХ-ын гишүүнийхээ эрх, үүргийг зөрчиж байна гэсэн үг. Дэмжмээр байвч дэмжихгүй квот дээр нь хуулийн төсөлд эсрэг санал өгчихдөг тохиолдол бий. Мөн зарим гишүүн хэлэлцэж буй асуудлаас хальдаг. Ингэж нэг нэгнийхээ цагийг үрмээргүй байна.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Парламентын сувгаар шууд дамжуулдагаа болих хэрэгтэй. Үүнээс болж маш их цаг алддаг. Эцсийн хэлэлцүүлэг хийж байхад хүртэл 10-20-уулаа үг хэлдэг. Энэ бүхнийг Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн өөрчлөлтөд багтаах нь зүйтэй болов уу.

Цаашид УИХ-ын гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ёс зүйтэй байгаасай гэж хүсч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлж, дэвшүүлж буй саналаас дэмжих зүйл цөөнгүй байдаг. Түүнийг зарим талаар дэмждэг. Гэтэл зүгээр сууж байгаа нэгнээ харааж зүхдэг, элдвээр хэлээд байх юм.

УИХ-ын чуулганы танхим бол Монгол төрийн ариун гал голомт. Тиймээс гишүүд бүр өөрийн байгаа байдалд дор бүрнээ дүгнэлт хийж, хандлагаа өөрчлөх нь зүйтэй байх. Энэ мэт өөрчлөлтийг хууль, тогтоолын төсөлд тусгах боломж бий юу?"

Н.Энхболд: Энэ удаад таны дэвшүүлж буй саналын дагуу өөрчлөлт оруулах боломжгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг тусдаа ярьж байна.

Уг нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаа тавьж буй асуудал тусгах боломжтой учраас саналаа хэлж болно. Харин өнөөдрийн оруулж ирсэн хууль, тогтоолын төсөлд таны дэвшүүлж буй саналыг оруулах боломжгүй.

Энэ удаа Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг батлах тухай ярьж байгаа учраас энэ хүрээнд хамаарах асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn