УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.01.06

Ц.Даваасүрэн: УИХ "шүдгүй арслан" гэдэг шиг чадавх, хүчгүй болчихлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн санал хэллээ. 

Ц.Даваасүрэн: Сонсгол явуулсны дараа шийдвэрийн төсөл боловсруулах боломж бий юу?

Сүүлийн үед УИХ-ын чадавх, амин сүнс нь хаана байна гэмээр нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлөгч, Засгийн газрынхан мэрсээр байгаад ярихаас өөр зүйлгүй, “шүдгүй арслан шиг” болгочихлоо.

УИХ-ын бүтцийг бүрэн болгох, парламентын түвшинд хэрэгжүүлдэг арга механизмуудыг бий болгоход уг хууль, тогтоолын төслийн өөрчлөлт чиглэж байна гэж үзэж байна. Ингэж өөрчилж байж л төрийн үйл хэргийг залгуулна уу гэхээс биш бүх эрх мэдлээ булаалгачихвал ямар ч хүч, чадавхгүй их хурал болно шүү дээ. Энэ өнцгөөс харвал уг хууль, тогтоолын төслийг зөв зүйтэй болсон байна гэж үзээд дэмжиж байна.

Сүүлийн үед Үндсэн хуулийн цэц хүртэл буруу ажиллаж байна. Илт хууль бус шийдвэр гаргаж байна. Бид яаж ч чадахгүй байна. Үндсэн хуульд, УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцно гэж заасан, уг заалтыг хэрэгжүүлэх субьект нь УИХ-ын гишүүн байгаад байдаг. Үндсэн хуулийн цэц үүнийг үгүйсгэсэн. Ингээд 20 гаруй жил уламжилж ирсэн зарчмаа нэг л өдөр тас цохисон. Тиймээс УИХ-ын эрх, үүргийг тодорхой болгох чиглэл рүү явахгүй юм бол болохгүй гэдэг нь харагдаад байна.

Миний бие Төсвийн албаны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд 2 жил болж байна. Төсөв батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаардаг асуудал. Бусад улсын парламентын туршлагаас харахад, Төсвийн тухай хуулиа Засгийн газар өргөн мэдүүлнэ. Өргөн мэдүүлсэн төслийн техникийн талын бүх засвар УИХ хийдэг. Гэтэл манайд үгүй. Сангийн яам тооцоог нь хийгээд сууж байдаг.

Алдаа гарна. Хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Засгийн газар нь хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш үүсэх хариуцлагыг УИХ үүрнэ гэдэг. Засгийн газарт эрх мэдлийг хэт төвлөрүүлснээс болж УИХ-ын хүч, чадавхийг сулруулах хуулийн төсөл өргөн барьж байна. Тиймээс уг хууль, тогтоолын төслийг батлагдсанаар үр дүнтэй хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.

Хэлэлцүүлгийн явцад мэдээлэл сонсохтой холбогдуулан ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гарах уу? Энэ талаар уг хууль, тогтоолын төсөлд тусгаагүй байна? Эсвэл төсөл боловсруулаад байнгын хорооны хуралдаанаар оруулж болно гэсэн заалт нэмж болно шүү дээ.

УИХ-ын гишүүн асуулга асуусан тохиолдолд ийм агуулгатай заалт байдаг. Тодруулбал, Хэрэв асуулга асуусан УИХ-ын гишүүн хүсвэл тодорхой төслийг холбогдох байнгын хороонд оруулж хэлэлцүүлдэг хуультай. Эсвэл зүгээр л сонсоод өнгөрчих үү? Ямар нэгэн дүгнэлт, арга механизм, шийдвэр гарч байх уу?

Сонсголыг үр дүнтэй явуулах үүднээс заавал биелүүлэх шийдвэрийн хэлбэрүүдийг оруулах нь зүйтэй болов уу. Учир нь зөвлөмж гээд орхичихоор ач холбогдол нь суларна шүү дээ. Тиймээс шаардлагатай гэж үзвэл холбогдох байнгын хороонд тодорхой шийдвэрийн төсөл оруулж болно гэсэн агуулга бүхий заалт оруулах боломж бий эсэхийг хэлэлцүүлгийн явцад анхааарахыг хүсч байна. 

Н.Энхболд: Нийтийн сонсгол явуулсны дараа зөвлөмж гарах юм

Нийтийн сонсголын тухай хуульд “Сонсгол явуулсны дараа зөвлөмж гаргана” гэсэн заалт бий. Өнөөдөр оруулж ирсэн журмын төслийн дагуу сонсгол зохион байгуулсны дараа зөвлөмж гаргаж, холбогдох газруудад хүргүүлнэ.

Шат шатны төрөл бүрийн хэлэлцүүлгийн явцад зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авах болов уу л гэж бодож байна. Хуульд нь зөвлөмж гаргана гэж заачихсан учраас дагаж мөрдөх журмын төсөлд нь уг зөвлөмжийг заавал дагаж мөрдөнө гэсэн заалт оруулах нь төвөгтэй.