УИХ-ын гишүүн Л.Болд
2017.01.06

Л.Болд: Олон улсын гэрээтэй холбоотой хуулийн төслүүдийг дахин дахин оруулж ирж байгаа нь ямар шалтгаантай вэ?

Монгол Улсын Засгийн газар 2015 оны 10 дугаар сарын 14-нд Олон улсын гэрээний  тухай шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-аас 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар уг шинэчилсэн найруулгын төслийг баталсан юм. Уг хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулга үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.  

Л.Болд: өмнөх хуулийг хүчингүй болгох тухай ярьж байгаа нь ямар учиртай вэ?

УИХ-ын залуу гишүүд намайг түүх ярилаа гээд “загнаад” байгаа. Ярина даа, ярьсаар ч байх болно доо. 1990 оноос хойш энэ танхимд сууж байгаа минь үнэн. Парламентын түүхэн хугацаанд энэ мэт асуудал гарч байсныг би лав санахгүй байна.

Яг юу болов? Цаад учир нь юу вэ? Олон улсын гэрээнүүд бол тухайн улсын хувь заяатай холбоотой асуудал л хамаардаг шүү дээ. Тиймээс уг асуудалд УИХ нилээд нухацтай хандах ёстой.

Ямар учраас, яагаад Олон улсын гэрээний тухай хуультай холбоотой асуудлыг дахин дахин сөхөх болов? Энэ цаг үед олон улсын гэрээтэй холбоотой, улс орны хувь заяаг шийдэх том том асуудлыг шийднэ шүү дээ. Таван толгой, Оюу толгойн гэрээнүүд, цөмийн хаягдал гэсэн асуудал гарч ирдэг.

Тиймээс “долоо хоног нэг огтлох” зарчмаар төрийн хуульд хандаж, Олон улсын гэрээний тухай хуулийг сайжруулах гэж байна гээд иймэрхүү алдаа гаргаж байна гэдэг эргэлзээ төрүүлж байна. Олон улсын гэрээний тухай шинэчилсэн хууль батлагдчихаад хэрэгжиж эхэлсэн байхад одоо Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг оруулж ирж байгаадаа тайлбар хэлэхийг хүсч байна.

Ц.Мөнх-Оргил: Засгийн газрын алдааг залруулж байна гэж ойлгож болно. 

Хуулийн төслийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн. Өмнөх парламентын хувьд өргөн барьсан уг хуулийг шинэ парламентаар батлуулахаар бодлогоор үлдээсэн байсан уу, техникийн алдаа гаргасан уу? мэдэхгүй юм. Энэ тухай өмнөх парламентаас л асуух хэрэгтэй болж байна.

Миний бие уг хуулийн төсөл дээр ажиллаж байсан Гадаад харилцааны яамныхан, хуулийн төслийг өргөн барьж байсан өмнөх Засгийн газрын гишүүдээс энэ тухай асууж тодруулахад,

Нэгд, техникийн алдаа гарсан байна.

Хоёрт, Шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр хууль батлагдаж байгаа учраас 1993 оны хуулийг заавал хүчингүй болгох хэрэггүй юм болов уу гэсэн буруу ойлголттой байсан.

Энэ буруу ойлголтыг УИХ-ын Тамгын газраас залруулж хэлж өгсөн учраас Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх шаардлагатай байна гэсэн тайлбар өгсөн. Тиймээс уг хуулийн төслийг оруулж ирсэн нь манай Засгийн газрын хайхрамжгүйгээсээ гаргасан алдаа биш өмнөх Засгийн газрын алдааг залруулж байна гэж ойлгож болно.