Даваасүрэн.Ц Энхбаяр.Ж Энхболд.Н Нямдорж.Ц Мөнх-Оргил.Ц 2017.01.06 | Сайт: Vip76.mn

Тэд: Олон улсын гэрээний тухай хоёр хуультай байж болох уу?

Тэд: Олон улсын гэрээний тухай хоёр хуультай байж болох уу?
УИХ-ын зарим гишүүд

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь хууль зөрчиж байна гэж үзлээ. Түүний үгийг сонссон гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. 

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулиа унш л даа

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлд “Заавал соёрхон батлахгүй гэрээ” гэсэн дотор “Олон улсын байгууллага, гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагагын олгох тусламжийн хүрээнд татвар хураамжийн хөнгөлөлт, визийн хураамж...” гэх зэргээр заасан байдаг. Татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ заалт гарцаагүй хууль зөрчиж байна.   

Үндсэн хуульд зааснаар, УИХ-аар олон улсын гэрээг заавал соёрхон батлуулна. Тэр дундаа Үндсэн хуулийн 38,9 дэх хэсэгт Монгол Улсын Засгийн газар УИХ-тай зөвшилцсөний дараа олон улсын гэрээ байгуулахаар хуульчилсан байна. Эндээс үзэхэд, аливаа олон улсын гэрээг заавал соёрхон батална гэж Үндсэн хуульд заасан байна шүү дээ.

Татварын асуудал бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Олон улсын гэрээний тухай хуулийн 23 дугаар зүйлийг хүчингүй болгох тухай ярьж байна. 23 дугаар зүйлд, “Хууль тогтоомж зөрчсөн олон улсын гэрээг УИХ, Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоно” гэсэн заалт байсан.

Энэ заалтыг авч хаяад, оронд нь “Хууль зөрчих эсхүл зохих шийдвэрийн эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурсан олон улсын гэрээг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын эрх зүйн хэм хэмжээний зарчмын дагуу шийдвэрлүүлнэ” гэж өөрчилжээ. Эндээс үзэхэд уг асуудлыг хэн шийдэх нь тодорхойгүй байна. “Моломын гэрээ” шиг гэрээ ороод ирлээ гэхэд Гадаад харилцааны сайдыг харж суухаас өөр аргагүй болчихлоо.

Гадаад харилцааны сайд нь УИХ-ын бүрэн эрхийг өөртөө авна гэдэг байж болохгүй зүйл. Харин сайдад хариуцлага тооцох тухай ярих ёстой. Тэрнээс биш өмнөх парламент руу бүх буруу чихэж, би мэдээгүй гэж өөрийгөө хаацайлж болохгүй.

УИХ-ын намрын чуулган эхлэнгүүт хэлэлцэхгүй гэж шийдсэн, өмнөх Засгийн газрын хуулиудыг татаж авсан. Тэгвэл тэр үед уг хуулийн төслийг татаж авах ёстой байсан шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн хэрэг болж байна. Үндсэн хууль зөрчихөөд байхад “Зөрчөөгүй” гэж үзэж байгаа бол ажлаа мэдэхгүй байна. Тийм асуудлыг ойлгохгүй байгаа юм бол өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.

Үндсэн хуулиа унш л даа. Олон улсын гэрээг УИХ-аар заавал соёрхон батална гэж заасан. Үндсэн хуульд заасан УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хараарай. Тиймээс Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар өмнөх хуулийг хүчингүй болгохгүй бол болохгүй.

Хоёр хууль байгаа тохиолдолд хуучин нь хүчин төгөлдөр үйлчилнэ.

Тиймээс одоо Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулгад байгаа Үндсэн хууль зөрчсөн заалтуудыг эргэн харж, татвар, хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой заалтуудыг нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх ёстой.

Үндсэн хуулийн цэц, УИХ-ын бүрэн эрхийг хязгаарласан хууль батлагдчихсан байна шүү дээ. Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэгжүүлж болохгүй.

Ц.Мөнх-Оргил: 1400 гаруй олон улсын гэрээг бүгдийг нь УИХ-аар соёрхон батлуулсан уу гэвэл үгүй

Үндсэн хуульд, олон улсын бүх гэрээг УИХ-аар заавал соёрхон батлуулах тухай заалт байхгүй. Үндсэн хуульд зааснаар бол, УИХ-тай зөвшилцөж, дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх гэж заасан байна. УИХ-аар заавал соёрхон батлуулах гэрээ гэж бий. Түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах гэсэн зүйл, заалт ч Үндсэн хуульд бий.

Монгол Улс одоогийн байдлаар 1400 гаруй олон улсын гэрээ байгуулсан байна. Энэ бүх гэрээ бүгд УИХ-аар соёрхон батлагдаагүй. Хоёр тусдаа процесс шүү дээ. Та Венийн конвенцийг уншаад үз. Тиймээс энэ асуудалд маргаан байхгүй, Ц.Даваасүрэн гишүүн ээ!

Олон улсын гэрээний шинэчилсэн найруулга нь УИХ, Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдсан тухай ярьж байна. Уг хуулийн 28, 29 дүгээр зүйлд УИХ нь ямар гэрээг цуцлах, хүчингүй болгох, 35 дугаар зүйлд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгуулсан гэрээг яах вэ гэх зэргээр нарийвчлан заасан байдаг. Эдгээр зүйл, заалтыг тодруулах шаардлагатай гэж үзвэл нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.

Олон улсын гэрээг зохицуулсан хоёр хуультай явна гэж байхгүй.

Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулга 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж УИХ-аас хууль батлачихаад байхад 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгоогүй юм чинь хуучин хуулиа барина гэсэн зүйл байхгүй.

Бие биенээ хардаад хэрэггүй. Та асуулаа, намрын чуулганы эхэнд Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслөө яагаад  татаж аваагүй юм гэж? Тэгвэл зөрүүлээд асуухад, яагаад УИХ уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаагаагүй юм бэ?

1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, үзэл баримтлалаа хэлэлцээд, цаашид байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн ярилцах нь зүйтэй болов уу.  Шаардлагатай бол 2016 онд батлагдсан шинэчилсэн найруулгын төсөлдөө 1993 онд батлагдсан хуулийн тодорхой заалтуудыг нэмэх хөндлөнгийн санал гаргаж болно шүү дээ.

Үнэндээ Засгийн газар нь УИХ, Үндсэн хуулийн цэцийг бүрэн эрхэд халдмааргүй байна. Хэрэв бүрэн эрхэд халдаж байна гэж хардаж байгаа бол одоо энэ бодлын зөрүүгээ арилгая. Миний хувьд Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулга Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Хандив, тусламж үзүүлэх бол тодорхой нөхцлөөр хөнгөлж, чөлөөлөх тухай ярьж байна шүү дээ. Тэрнээс биш тусламж үзүүлэхгүй, зүгээр олон улсын гэрээ байгуулж байгаа бол татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг зөвхөн УИХ шийдвэрлэнэ.

Олон улсын байгууллага, тэр дундаа Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар тусламжийн бараа ирлээ гэхэд үүнийг татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ гээд 2-3 сар болж, цаг алдаад яах юм бэ? Тиймээс уг асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн заалттай хуулийг УИХ баталчихсан шүү дээ. Тусламжийн бараанаас бусад тохиолдолд татвараас чөлөөлөх асуудлыг УИХ шийдвэрлэх бүрэн эрх нь хэвээрээ байгаа.

Н.Энхболд: Засгийн газрын хооронд байгуулдаг олон улсын гэрээ гэж бий шүү дээ

Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулгын 35,1 дэх хэсэгт “...Гадаад харилцааны яам шийдвэрлэнэ” гэсэн заалт байхгүй. “Шийдвэрлүүлнэ” гэж байна. Харин тусламжийн барааны тухайд, бодит байдалд энэ төрлийн тусламж Засгийн газрын хоорондын шугамаар л ирдэг.

Ямар ч байсан олон улсын гэрээний тухай хоёр хуультай байж болохгүй.

Соёрхон баталсан олон улсын гэрээг УИХ дуусгавар болдог ч гэсэн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн дагуу, Гадаад харилцааны яам нь дипломат шугамаар асуудлыг хэлэлцүүлж, уламжилдаг.

Татвартай холбоотой асуудлыг бүгд зөвөөр ойлгох хэрэгтэй. Бусад татвартай огт хамаагүй. Гэнэтийн гамшиг, аваар осол учирдаг. Үүнийг даван туулахад зориулсан тусламжийн барааг авч чаддаггүй тохиолдол бий. Тиймээс тусламжийн барааг татвараас чөлөөлдөг практик өмнө нь ч гэсэн хэрэгжиж байсан.

Тиймээс 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгочихоод шинээр дагаж мөрдөж буй хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярьж болно. 

Ж.Энхбаяр: Тусламжийн барааг татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрхийг Засгийн газарт өгье 

Олон улсын гэрээг соёрхон батлах, батлах гэдэг нь хоёр тусдаа асуудал гэдгийг гишүүд анхаарах нь зүйтэй. УИХ-аас Засгийн газарт өөрийн бүрэн эрхийн хүрээн дэх татвартай холбоотой зохицуулалтыг шилжүүлсэн тохиолдол байдаг. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг буулгах, хөнгөлөх, чөлөөлөх эрхийг УИХ-аас Засгийн газар эрх авч, гүйцэтгэж байсан практик бий.

Түүнтэй адилаар олон улсын тусламжийн барааг татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрхийг Засгийн газарт өгье гэсэн шийдлийг ярьж байна. Тусламжийн барааг авах олон шат дамжлага, төвөг чирэгдлийг бууруулъя гэсэн л санаа. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан хэрэг биш. Гол нь Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулгыг 2016 онд баталсан.

Бид өнөөдөр батлагдсан хуулийн тухай биш өмнөх хуулийг хүчингүй болгох тухай асуудлыг ярих ёстой.

Хэрэв 2016 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл ажлын хэсгийнхэн нэн даруй нэмэлт, өөрчлөлтийн төслийг оруулж ирж болно.

Асуудлыг мушгих шаардлагагүй. УИХ-ын гишүүд өөрсдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хөндөж байна гэж ойлголоо. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлд “Заавал соёрхон батлах олон улсын гэрээ нь УИХ-аар заавал орно” гээд бодлогын хэд хэдэн заалт байна.

УИХ-аар заавал соёрхон батлах шаардлагагүй гэрээг Засгийн газар өөрийн бүрэн эрхийн дагуу хэрэгжүүлнэ гэсэн зарчмаар явж байна. Засгийн газрын байгуулж буй аливаа гэрээ заавал Монгол Улсын бусад хууль тогтоомжид өөрчлөлт орохоор бол заавал УИХ-аар хэлэлцүүлнэ гэж заалт бий.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн практикаар бол соёрхон батлах үйл явц удаан үргэлжилдэг. Тиймээс Засгийн газарт тодорхой эрх мэдэл олгосноор цаг хугацааны хүчин зүйл бага болсон. Тиймээс Засгийн газар өөрийн бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж буй олон улсын гэрээ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдах үндэслэл байхгүй.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8,3,1-д “Татвараас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээ” гэж зааж өгчихөөд үүнийгээ Заавал соёрхон батлах олон улсын гэрээ буюу УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн хаалт хийсэн байна. Эдгээр заалтууд хоорондоо холбоотой гэж ойлгох хэрэгтэй. 

Ц.Нямдорж: Хоёр хуультай байж болохгүй

Хууль зүйн хүрээний эргэлзээ яригдаад байна гэж ойлголоо. Олон улсын гэрээ бол төвөгтэй зүйл. Нэгэнт байгуулсан гэрээнд нэгдээд орчихдог. Энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлдэг. Олон улсын гэрээг УИХ-аар соёрхон батлуулдаг.  Тухайлбал, Авлигын эсрэг олон улсын конвенци гэх мэтээр... Түүний нөгөө талд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэдэг асуудал гэж бий.

Үндсэн хуульд зааснаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч ч гэсэн олон улсын гэрээ байгуулах эрхтэй. УИХ-ын түвшид хүрэхээргүй дундын гэрээг Засгийн газар бие даан хэрэгжүүлдэг. Тухайлбал, цэрэг техникийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ...

Хамгийн гол нь олон улсын гэрээний тухай хоёр хуультай болчих гээд байгаа учраас хуучин хуулийг хүчингүй болгож, шинэ хуульд эргэлзээ байвал засч, сайжруулах боломж бий гэж харж байна.

Ямар ч тохиолдолд баримтлах хатуу зарчим бол нэг асуудлаар хоёр хуультай байж болохгүй.

Эрдэнэтийн гэрээ бол яалт ч үгүй УИХ-аар батлагдсан гэрээ шүү дээ. Энэ гэрээг зөвхөн УИХ хүчингүй болгоно уу гэхээс биш замаас Засгийн газар орж ирж будилуулах асуудал байж болохгүй. Энэ бүхэн бол мэргэжлийн ойлголцлын асуудал л байна.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Олон улсын гэрээний тухай хуулийн 3,1,3 дахь хэсэгт “Олон улсын гэрээ гэдэг бол Засгийн газар хоорондын, олон улсын байгууллагатай...” гэх зэргээр заасан байна. Жишээлэхэд, НҮБ, Азийн хөгжлийн банкны тусламжтай холбоотой гэрээг соёрхон баталдаг. Гэхдээ татвараас чөлөөлөх гэрээ заавал УИХ-аар соёрхон батална. Үүнийг ойлгохгүй Гадаад харилцааны сайд гэж байвал энэ бол утгагүй асуудал байна.

Татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрхийг энэ хуулиар олгодог байж болохгүй.

Төрийн бус байгууллагын тусламжийг энд хамруулж ойлгож болохгүй. Хуулийн 8,3 дахь хэсэг бол яамны тодорхой чиг үүргийг зааж өгсөн заалт байна. Энэ заалт бол яалт ч үгүй Үндсэн хууль зөрчсөн байна.

Хууль тогтоомж зөрчсөн олон улсын гэрээг хүчингүй болгох асуудлыг Гадаад харилцааны сайд олон улсын хүрээнд шийдвэрлүүлнэ гэдэг ч бас хууль зөрчсөн заалт.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn