Учрал.Н 2017.01.06 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Олон улсын гэрээг соёрхон батлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдаж байдаг

УИХ-ын гишүүн Н.Учрал

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асуулаа. 

Н.Учрал: Олон улсын гэрээг соёрхон батлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдаж байдаг. 

Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 1993 оны хуучин хуулийг хүчингүй болгох тухай ярьж байна.

2016 онд уг шинэчилсэн найруулгын төслийг батлахаар санал хураахад миний бие дэмжээгүй. Учир нь гишүүдийн асуусан асуулт хариу өгөөгүй, засч сайжруулах зүйл байна шүү гэсээр байхад авч хэлэлцэлгүй баталсан хуулиуд бий.

Өнөөдөр 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгож, шинэчилсэн найруулгын төсөлд өөрчлөлт оруулъя гэхээр өчигдрийн чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаачихсан шүү дээ.

Олон улсын гэрээг соёрхон батлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдаж байдаг. Гэтэл Олон улсын гэрээний тухай шинэчилсэн хуульд Засгийн газрын эрх мэдлийг нилээдгүй өндөр түвшинд хүргэсэн байна. Мөн Үндсэн хуулийг зөрчин байж хийсэн хэд хэдэн зохицуулалт орсон байна.

Засгийн газрын саналыг үндэслэн УИХ нь олон улсын гэрээг цуцлах, гэрээнээс гарах асуудлыг шийдвэрлэнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үндсэн хуулийн цэц хуулийн хүрээнд хууль тогтоомж зөрчиж баталсан гэрээг цуцлах асуудлыг санаачлан хэлэлцэх боломжийг хязгаарласан зохицуулалт оржээ.

1993 онд батлагдсан Олон улсын гэрээний хуульд “Олон улсын гэрээг цуцлах талаар авч хэлэлцэн, хүчингүй болгох субьект нь УИХ өөрөө буюу Үндсэн хуулийн цэц байна” гэж заасан байдаг. Гэтэл шинэчилсэн хуульд үүнийг Засгийн газар өөрийн мэдэлдээ авахаар болсон нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр уг хууль унах магадлалтай болж байна.

Заавал соёрхон батлах шаардлагагүй олон улсын гэрээний жагсаалт гэж бий. Уг жагсаалт нь өөрөө Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчиж байна. Тиймээс Олон улсын гэрээний тухай шинэчилсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ нилээдгүй ажиллах хэрэгтэй болно.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан 6 төрлийн аргачлалаар ойролцоогоор 6 сар ажиллах хэрэгтэй болно.

Ц.Мөнх-Оргил: Өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдчихээд цаашид байнгын хороогоор ярья

2016 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай шинэчилсэн хуульд олон улсын гэрээг хүчингүй болгох, цуцлах тухай заалтууд бүгд орсон. Тийм учраас Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Харин дэлгэрүүлж тайлбарлах, илүү тодорхой, оновчтой болгох үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.

Ийм байдалд хүрсэн учраас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр анхны хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төслийн хүрээнд илүү өргөн хүрээнд асуудлыг ярьж болно.

Хэрэв 1993 оны хуучин хуулийг хүчингүй болгохгүй бол хоёр хуультай болчих гээд байна. Шинэчилсэн хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж байна. Тиймээс өнөөдөр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдчихээд цаашид байнгын хорооны хуралдаанаар асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцье.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

1993 оны хуульд олон улсын гэрээний үйлчлэлийг зогсоох, хүчингүй болгох, гэрээг түр зогсоох зэрэг зохицуулалтууд орсон. Олон улсын түвшинд соёрхон баталсан, бусад орны нэгдсэн орсон гэрээг уг хуулиар Монгол Улс тухай гэрээг дангаараа хүчингүй болгох боломжгүй. Зөвхөн өөрийн улсын хувьд олон улсын гэрээнээс гарч, улмаар уг олон улсын гэрээний үйлчлэлийг дуусгавах болгох боломжтой. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа