УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2017.01.07

Н.Амарзаяа: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг яаж шалгаж тогтоох вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.05/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: 

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд түүнд ногдуулах торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уяж өгсөн байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөг байсан бол одоо 240 000 төгрөг болсон. Үүнтэй холбоотойгоор хуульд ямар зохицуулж хийж байгаа талаар тайлбар авлаа. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй санал нэг байна.

Тухайн хүн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэдгийг бид тогтоож чадна. Хамгийн гол нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн болохыг яаж тогтоох вэ?

Энэ төрлийн бодисыг хил гаалиар маш их оруулж ирдэг. Мөн тээврийн жолооч нар рейсээ нэмэх гээд энэ төрлийн бодис хэрэглэн, ажлаа хийж байгаа тохиолдол цөөнгүй байна. Гэтэл энэ тухай зөрчил Замын цагдаагийн газарт бүртгэгдээгүй гэж байна. Тиймээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм ууж хэрэглэсэн иргэнийг илрүүлэх багаж, тоног төхөөрөмжөөр мэргэжлийн байгууллагуудыг хангах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Н.Амарзаяа гишүүний тавьж буй асуудал бол маш чухал. Бид өөрсдийн боломж, бололцоондоо тулгуурлан мансууруулах бодистой тэмцэж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч энэ тухай оруулсан. Цагдаагийн ерөнхий газраас хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх хөтөлбөрийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр уг хөтөлбөрийг эцэслэж байна.

Уг үндэсний хөтөлбөрийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-аар батлуулахад тодорхой цаг хугацаа орно. Энэ хооронд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх л ёстой.

Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага, ХМХ-ийнхэн, яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Ялангуяа хар тамхи, мансууруулах бодисыг нийтээр жигшдэг болох, энэ бүхнээс хүүхэд, залуусыг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна.

Хамгийн гол хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэсэн эсэхийг газар дээр шалгаж тогтоодог багаж, тоног төхөөрөмж Монголд дутмаг байна. Төсөв, хөрөнгөний хүрэлцээ, хангаж муу байна. Тиймээс хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээтэй тэмцэх ажилд УИХ-аас дэмжлэг хүсэх болно.

Тавантолгойн зам дээр хэдэн км машины цуваа үүсчихсэн нөхцөл байдалтай байна. Өдөр, шөнөгүй зогсох цуваанаасаа гарахгүйн тулд аргаа барахдаа сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэг тодорхой тохиолдол байна гэж үзэж байна. Үүнээс болж аваар, осол гарах нь бий.

Энэ дагуу Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн гаргасан саналын дагуу Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн нүүрс тээвэрлэж буй зам дээр цагдаагийн хэлтэс шинээр байгуулах шийдвэр гарсан.