Энхболд.М 2017.01.09 | Сайт: Vip76.mn

Дарга нар аа! Арга барилаа өөрчлөөрэй, М.Энхболд дарга хэлсэн шүү

Дарга нар аа! Арга барилаа өөрчлөөрэй, М.Энхболд дарга хэлсэн шүү
УИХ-ын дарга М.Энхболд

2016 оны нэгдүгээр сарын 6-нд УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт хийсэн. Тэрээр шинэ парламентын үйл ажиллагаа, ирэх жилүүдэд баримтлах бодлого, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, тэдэнд үүрэг чиглэл өгсөн юм.

Энэ үеэр тэрээр гадаадын хөрөнгө оруулалт буурсан, гадаадын хөрөнгө оруулагч Монголоос дайжиж байгааг төрийн албаны хүнд сурталтай холбон тайлбарласан. УИХ-ын дарга М.Энхболд гадаадын хөрөнгө оруулагчдын 57, 1 хувь нь ямар нэгэн шахалт, дарамт, хүнд суртлаас болж Монголд хөрөнгө оруулахаас татгалзаж, Монголоос хөрөнгө аваад гарч байна гэлээ.

Мөн мэргэжлийн хяналт, орон нутгийн Засаг дарга нар дарамт их, дарга нарын шийдвэр гаргалт удаашралтай байгааг шүүмжиллээ. Тэрээр гадаадын хөрөнгө оруулалт бол Монгол Улсыг эдийн засгийн хямралт байдлаас гаргахад гол нөлөөтэй гэж үзэж байгаагаа хэлээд энэ нь зөвхөн М.Энхболдынх биш хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын бодлого, байр суурь шүү гэдгийг тодотгосон юм. Ингээд тэрээр өөрийн твиттертээ ийнхүү жиргэжээ.

УИХ-ын М.Энхболд: “Гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт, шахалт үзүүлдэг, үргээж хөөдөг арга барилаас дарга нар татгалзаарай” 

Одоогоор энэхүү жиргээг 118 удаа дахин жиргэж, 88 хүн таалагдаж байгааг илэрхийлжээ. Мөн олон хүн энэ жиргээний талаар өөрийн бодлоо хуваалцсан. Тэдний дотор улстөрчид, эдийн засагчид, бизнесийн байгууллагын төлөөлөл байна.

Сөрөг хүчний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Л.Болд энэ жиргээг гадаадын хөрөнгө оруулагчдыг багийн Засаг дарга дарамталж болохгүй, бусад нь болно гэж ойлгож байгаагаа илэрхийлсэн бол зарим хүн зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдад ч гэсэн дарамт байгааг хэллээ. Тэдний дийлэнх хувь нь УИХ-ын дарга М.Энхболдын илэрхийлсэн байр суурийг сайшаасан бөгөөд бодит ажил болгохыг хүссэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: Бусад болно. Багийн Засаг дарга болохгүй гэж ойлгогдоод байна. Эсрэгээрээ багийн дарга нар иргэдтэй хамгийн ойрхон байдаг.

Швед улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Энхсайхан: Хятадад гадаадын хөрөнгө оруулагчдын асуудал “SARS” өвчин гарсан мэт шуурхай хариу шийдэл гаргадаг гэж барууны судлаач бичиж байсныг уншиж билээ.

Эдийн засгийн ухааны доктор, профессор Н.Дашзэвэг: Гадаадын банк орж ирэх конценцийг сайн ярилцмаар байна. Б.Жавхлан нарын концепци буруу байна. Тэд Монголын банкуудад зээл өгөх хэрэггүй.

Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан: Хэлсэн үгийг 100 хувь дэмжиж байна.

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Гантулга: УИХ-ын дарга хөрөнгө оруулагчдыг хамгаалах тухай ярьжээ. Бүх чадлаараа дэмжиж хамтран ажиллана.

Монос Фарм ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл: Гадаад, дотоод адилхан л байхаа.

Монголын дотоод аудиторуудын институтийн ерөнхийлөгч Л.Отгонбаяр: Дотоод хөрөнгө оруулагчдыг айлгаж дарамталдаг арга барилаасаа салбал зүгээр байна.

“Шинэ Монгол Тренд” номын зохиогч О.Эрдэнэбулган: Хаа очиж аятайхан үг хэллээ. Үүнийгээ ажил хэрэг болгочихвол уг нь эдийн засаг сэргэхэд юухан байхав дээ.

Мобиком корпорацийн бизнесийн хөгжлийн албаны дэд дарга Ц.Ганзориг: Гадны хөрөнгө оруулагчдыг шулаачаар дуудаж, энэ дундуур үндэсний гэж нэг хэсэг нь PR хийж, эцэстээ эдийн засгаа унагасан даа.

Эрдэс баялгийн эрх зүй судлаач Г.Сурахбаяр: Үнэн шударга байдлаар иймэрхүү дүгнэлтийг ил болгож ярьсан УИХ-ын даргад талархья. Бяртай л байгаа юм байна.

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа