Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекийг хүлээн авч уулзлаа
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин хатагтай Ивана Гролова
2017.01.09

Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин хатагтай Ивана Гролова, Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарыг хүлээн авч уулзлаа. Прага хотын амьтны хүрээлэн зэрлэг адуу тахийг хамгаалж үлдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд 2010 оноос  Монголд тахь нутагшуулах ажлыг амжилттай хийж ирсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Прагийн амьтны хүрээлэнгийн зардлаар Монголд нийт 23 тахийг тээвэрлэн авчирсан  бөгөөд эдгээрийн 19-ийг Говийн их дархан газарт, бусдыг нь Хомын талд  нутагшуулжээ. Прагийн амьтны хүрээлэн тахийг тээвэрлэн авчрахаас гадна амьдрах, нутагших орчныг нь хангах тодорхой хөрөнгө оруулалтыг ч хийсээр иржээ. Цаашид ч тахийг тээвэрлэн авчрах, нутагшуулахад санхүүгийн болон бусад дэмжлэг  үзүүлнэ гэдгээ ноён Мирослав Бобек БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзахдаа хэллээ.

Энэ жил Монголд тахийг эргүүлэн нутагшуулж эхэлсний 25 жилийн ой тохиох бөгөөд ирэх зургадугаар сард,  ойн үеэр нэмж тахь тээвэрлэж ирэхээр төлөвлөж буйгаа ноён Мирослав Бобек хэлэв. Монголд  1992 оноос тахь  нутагшуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Хустайн нуруу, Говийн их дархан газар, Хомын талд нутагшсан тахийн тоо 500 гаруйд хүрээд байгаа юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол дэлхийн цор ганц зэрлэг адуу- тахийг хамгаалж үлдэх, Монголд нутагшуулахад үнэлж баршгүй  хувь нэмэр оруулсан Монголд суугаа ЭСЯ, Прагийн амьтны хүрээлэнгийнхэнд талархал илэрхийлэв. Монголд тахь тээвэрлэж авчрах, нутагшуулах, өсгөж үржүүлэх БНЧУ-ын ЭСЯ болон Прагийн амьтны хүрээлэнгийн ажлыг цаашид ч дэмжиж, хамтран ажиллана гэдгээ мөн онцоллоо. БОАЖЯ-наас  Говийн их дархан цаазат газрын  “Б” хэсгийг  өргөтгөхөөр ажиллаж буйгаа салбарын сайд хэлэв. Ингэснээр байгаль хамгаалагчийн орон  тоо нэмэгдэж, тахь хамгаалалд ахиц гарах юм.

Мөн “Тахь сэргээн нутагшуулах, хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байна. Ийм хөтөлбөртэй болсноор тахийг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг дэмжсэн эрх зүйн баримт бичигтай болох юм. Ирэх зун тэмдэглэх 25 жилийн ойгоос  өмнө дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхээр БОАЖЯ ажиллаж буйг   сайд   хэллээ. Мөн Монголд тахь нутагшуулсны ойн үеэр тахь нутагшуулах үйл ажиллагааны талаар болон тахийн тухай  олон нийтэд сурталчлах   хэрэгтэйг онцлов.