Ням-осор.Ц 2017.01.10 | Сайт: Vip76.mn

Ц.Ням-Осор: Төрийн бохирдлыг арилгах арга бол боловсон хүчний шалгуурыг өндөрсгөх юм

Ц.Ням-Осор: Төрийн бохирдлыг арилгах арга бол боловсон хүчний шалгуурыг өндөрсгөх юм
Төрийн бодлого,зохицуулалтын газрын дарга

Алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, үргүй зардал гаргаж буй төрийн өмчийг хувьчлах шаардлага энэ цаг мөчид тулгараад байна. Энэ ч үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой ярилцлаа.

Төрийн өмчийн хороог татан буулгачихсан. Үүнээс үүдэлтэй бэрхшээл, учир дутагдлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?

Төрийн өмчийн хороог татан буулгадаг нь буруу юм. Яагаад гэвэл улсын хэмжээнд төрийн бүх өмчийг бүртгэдэг ганц газар байсан шүү дээ. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын цэцэрлэгийн барилга ямар хэмжээнд үнэлэгдэх хөрөнгө байдаг тухай ганцхан энэ л байгууллага мэддэг байв. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байгаа тэр цэцэрлэгийн барилга хэдэн төгрөгөөр үнэлэгдэхийг Төрийн өмчийн хороо л тогтоодог байсан гэсэн үг.

Гэтэл Төрийн өмчийн хороог татан буулгаснаар улсын хөрөнгө эзэнгүйдэх, эх захгүй байдал үүсч эхэлсэн юм. Үүний нэг тод жишээ нь сая хийсэн тооллогоор 192 тэрбум төгрөгийн төрийн өмч бүртгэлгүй, 34 тэрбум төгрөгийн хөрөнгө маргаантай, 9600 төсөвт аж ахуйн нэгжүүдийн 4800 нь буюу 50 хувь нь кадастарын албанд бүртгүүлээгүй байна.   

Таныг ажлаа авах үед энэ салбарын нөхцөл байдал нэлээд асуудалтай байж дээ. Эзэнгүйдсэн төрийн өмчийн бүртгэлжүүлэхээс эхлээд цэгцлэх ажил их байна уу? Та ажлаа юунаас эхлэв?

Би ажлаа аваад яг 4 сар болж байна. Эхний ажил бол Элчин, консулын байгууллагаас авхуулаад цэцэрлэг, сургууль гээд улсын хэмжээний бүх өмч хөрөнгийг тооллоо. Тооллогын 140 гаруй хавтас материал манайд байна.   

Улсын хэмжээнд тоологдсон хөрөнгийн үнэлгээ хэд гарав?

Өнөөдрийн байдлаар Монголын төр 30 их наядаар үнэлэгдэх өмч хөрөнгөтэй байна гэсэн дүн гарсан. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 87 аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийхэд 30-аад аж ахуй нэгж нь ашигтай, үлдсэн 50 гаруй байгууллага нь алдагдалтай ажилладаг болох нь илэрсэн.

Өөрөөр хэлбэл төрийн болон төрийн оролцоотой компаниуд нийлээд 10,8 их наяд төгрөгийн өртэй гэсэн дүн гарсан. Энэ бол маш их мөнгө. Манай улсын 2 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө гэсэн үг шүү дээ. Эдгээр байгууллагын өр хаана илүү төвлөрч байна, томоохон компаниуд татвар, нийгмийн даатгал, банкуудад ямар хэмжээний өртэй байна, урт хугацааны зээлтэй эсэх зэргийг нарийвчлан ангилж гаргасан.

Гурав дахь ажил бол дээрх алдагдалтай ажилласан, үргүй зардлыг гаргасан компаниудын захирал, удирдлагуудад хариуцлага тооцох системийг нэлээд өндөр түвшинд гаргаж ирлээ. Сайн дураараа цалингаа тогтоож байсан захирлууд, дур зоргоороо өөртөө эрх мэдэл олгож байсан ТУЗ-ийнхний асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улмаар холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлээд байна.       

Хариуцлага тооцох системийг яаж ажиллуулсан гэж? Захирал, удирдлагуудын цалинг бууруулсан тухай ярьж байна уу?

Дураараа цалингийн хэмжээгээ тогтоодог байсан асуудлыг бодлогоор хязгаарлах тухай Засгийн газрын шийдвэр гарсан. ТУЗ-ийн гишүүд эрх мэдлийнхээ хүрээнд өөртөө урамшуулал, нэмэгдэл, хөнгөлөлт олгодог эмх замбараагүй байдлыг журмаар цэгцэлсэн.

Компаниудын хөдөлмөр, хөлсний гэрээг цэгцэлж, тэдэнтэй 6 сарын гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл энэ 6 сард тухайн байгууллага, компанийн ажлын гүйцэтгэл гэрээнд заасан шаардлагад хүрээгүй нөхцөлд сануулга өгөөд дахиад 6 сарын хугацаа өгнө.

Ингээд бүтэн жилийн хугацаанд тухайн компани гэрээнд тусгагдсан ажлын гүйцэтгэлийг зорилтот түвшинд хүргэж, ашигтай ажиллаж чадаагүй бол гэрээг цуцална гэсэн шаардлагыг бүх захирал, удирдлагуудад тавьсан. Нийт 70 орчим компанийг ашигтай ажиллах зорилтот түвшинг тогтоосон.

Харин Дарханы дулааны станц, Шарын голын дулааны станц, баруун болон зүүн бүсийн дулааны станцууд гээд орон нутгийн дулааны станцууд нийгмийн хариуцлага давхар үүрч байдаг учраас цэвэр ашгийн төлөө ажиллах ёстой гэж шаардах боломжгүй. Нөгөөтэйгүүр компаниудад ашигтай ажиллах зорилтот түвшин тогтоож өгөхөөс удирдлагуудын тансаг хэрэглээг танаж, 8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

Төрийн банк болон Хөрөнгийн биржийг хувьчлах асууддлын талаар нэлээд маргаан дэгдээд байгаа. Энэ тал дээр таны хувийн байр суурь ямар байна вэ?  

Аливаа хувьчлал эерэг, сөрөг гэсэн хоёр талтай байдаг. Төрийн банкийг хувьчлахыг би хувьдаа зөв гэж үзэж байгаа. Учир нь Төрийн банк энэ байдлаар цаг, хугацаа өнгөрөх тусам ТОСК шиг дампуурах магадлал өндөр байгаа юм.

ТОСК яагаад дампуурсан гэж? Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа биз дээ. Их өртэй гарсан болоод тэгж үзэж байна уу?

Тэгэлгүй яахав. Манайд барилга барьдаг 1000 гаруй хувийн компаниуд байсаар байхад төрийн нэг компани тэдгээртэй өрсөлдөж барилга барьж борлуулаад ашиг олно гэж байхгүй шүү дээ. ТОСК барилга барих биш менежмент хийх ёстой байсан юм. Гэтэл дөрвөн жилийн дотор энд, тэндээс зээл авч, барилга бариад 350 тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байна.

Цаашид оршин тогтноход тун хэцүү байдалтай байгаа. Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ТОСК-ийг өрнөөс нь салгаж, чиг үүргийн хувьд бодлого боловсруулж, менежмент хийдэг газар болгохыг зорьж байна.   

Хоёулаа Төрийн банкны хувьчлалын тухай ярьж байгаад ТОСК руу хальтарчихлаа?

Төрийн банкны хувьд хувьчлах нь зүйтэй л гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ байдлаараа цааш явбал ТОСК шиг л болно. 14 арилжааны банк зах зээлд мөнгө нийлүүлж байхад Төрийн банк тэдгээртэй өрсөлдөх ямар хэрэгтэй юм бэ. Харин хувьчлахдаа аль болох үнэд хүргэх хэрэгтэй.

Төрийн банкийг хувьчлах эхний үнэ нь 75 биш 350 тэрбум төгрөг юм. Хөрөнгийн биржийн хувьд нэгэнтээ УИХ, Засгийн газрын шийдвэр гарсан учраас хувь хүний зүгээс зөв, буруу гээд байх хэцүү. Гэхдээ мөн адил зөв арга, зөв менежментээр хувьчлах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, нэг хүнээс хараат байдалд оруулахгүй, аль болох олон хүний эзэмшилд өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.20 тэрбум төгрөгөөр хувьчлах гэлээ гэдэг дээр маргаантай байр сууриуд бий. Гэхдээ 20 тэрбум гэдэг бол мөн хувьчлалын анхны үнэ буюу жишиг үнэ юм.

Зах зээлийн эрэлт, хэрэгцээгээ дагаад энэ үнэ нь өсөх боломжтой. Хэрэгцээгүй гэж үзвэл 20 тэрбумаас буурах ч магадлал бий. Тэгээд ч хөндлөнгийн гурван байгууллага үнэлгээ хийсний үндсэн дээр хувьчлах үнэ тодорхой болно.  Тийм болохоор хувьчлах үнийн дүнгийн тухайд маргах хэрэггүй юм.           

Та ЖДҮ-ийн газрын даргаар ажиллаж байсан. Одоо төрийн өмчийг хариуцан ажиллаж байна? Албан тушаал, эрх мэдэл, хариуцлагын тухайд хоорондоо хэр ялгаа байна?

Ялгаатай байлгүй яахав. ТОСК ч гэсэн миний оролцоотой байгуулагдсан байгууллага. Тухайн үед ТОСК барилга барьж байгаагүй. Бага, дунд орлоготой иргэдэд хэн хамгийн бага үнээр байр нийлүүлэх үү гэдэг менежментийг хийдэг байсан. Тухайлбал, 2 өрөө байрыг 1 метр квадратыг 750 мянган төгрөгөөр зах зээлд нийлүүлэх барилгын компанитай гэрээ хийж, төрөөс санхүүжүүлэх тухай бодлого барьж байсан. Гэтэл одоо барилгын компаниудтай уралдаж, орон сууц бариад эхэлсэн.

ЖДҮ-ийн газрын дарга байхдаа Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт хүрч ажилласан. Монгол Улсын хөгжил, эдийн засгийн чөлөөт байдалд хүрэх зам бол хүн бүр бага ч болов аж ахуй эрхэлж, менежменттэй ажиллах гэсэн бодлоготойгоор байгууллагаа удирддаг байлаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь цар хүрээ, хийх ажил, чиг үүргийн хувьд төр өөрийн өмч хөрөнгөө ямар менежментээр авч явах ёстой вэ гэдэгт тулж ажиллах хариуцлагатай алба. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн жишигт нийцсэн эдийн засаг, эрх зүйн үндэслэлтэй хамгийн орчин үеийн менежментийг төрийн өмчийн компани, төрийн оролцоотой байгууллагуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.   

Яг одоо та ямар асуудалд гол анхаарлаа хандуулж байна?

Төрийн өмчит компаниудын өр, авлагын асуудлыг цэгцэлж, хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарч байна. Мөн захирал, удирдлагуудтай тодорхой хугацааны гэрээ байгуулж ажиллана. Энэ хугацаанд хэн нь компаниа удирдаж чадах уу, чадахгүй вэ гэдэг нь тодорхой болох байх. Өгсөн хугацаанд үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй хүнийг солихоос өөр аргагүй.

Төрийн өмчит компаниудыг дөрвөн хэсэгт ангилсан.

Нэгд, үйл ажиллагаа нь хумигдсан, цаашид үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн 10-аад компанийг татан буулгах саналаа Засгийн газарт оруулаад байна.

Хоёрт, дунд шатны нийгэмд давхар үйлчилгээ үзүүлдэг дулааны сүлжээ компаниуд, цахилгаан станц зэргийг зохистой түвшинд ажиллуулах ямар боломж байгааг судалж байна. Өөрөөр хэлбэл,  төрийг ч, иргэнээ ч хохироох учиргүй нийгмийн чухал хариуцлагатай төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах болно.

Гуравт, төрийн өмчит байхгүй шаардлагагүй атлаа хувийн секторууд байх шаардлагагүй тйимээс тэдгээрийг хувьчлах хэрэгтэй гэсэн бодлого барьж байна.

Дөрөвт, стратегийн ач холбогдол бүхий томоохон компаниуд. Жишээ нь, Монголын төмөр зам, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадамжтай, эрх зүйн зөв зохистой тогтолцоо бүхий 40-өөд компанийн үйл ажиллагааг улам сайжруулж, улс эх оронд өгөх өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.     

Төрийн өмчит компанийн захирлуудын цалин өндөр, өөр хоорондоо харилцан адилгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд бий. Тэгвэл дураараа цалингаа тогтоодог байдлыг нь хязгаарлахад тэд хэрхэн хүлээж авч байх юм?

Мэдээж сайнаар хүлээж авахгүй. Гэхдээ одооноос төрийн мөнгийг үргүй зарцуулж байдаг шударга бус асуудлыг одоо л болиулж, зөв системд шилжих ёстой. Жишээлбэл, Хөдөө аж ахуйн биржийн захирал 9,5 сая төгрөгийн цалин авч байсныг 4 сая болгосон. Захирлын цалингийн хэмжээнээс хамаараад доод албан тушаалтнуудын цалин ч буурсан.

Мэдээлэл, холбооны сүлжээ  “Нетком” компани 1600 гаруй ажилтантай. Бүх аймаг, сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэрнээ тухайн компанийн захирал 2,5 сая төгрөгийн цалин авч байх жишээтэй. Гэтэл “Хөдөө аж ахуйн бирж” 37 ажилтантай, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, хөдөө орон нутагт ямар ч салбаргүй компани. Жилийн орлого нь 1,4 тэрбум төгрөг. Гэтэл “Нэт ком” компанийн жилийн орлого нь 31-33 тэрбум төгрөг байна.

Энэ хоёр компанийн ажиллах цар хүрээ, ашиг орлого, авч байгаа цалин зэргийг харьцуулаад үзэхэд багагүй зөрүү гарч байгаа биз. Гэхдээ “Хөдөө аж ахуйн бирж”-ийн үйл ажиллагааг сайжруулах боломжтой гэж бодож байна.

Цалингаа буулгаж байгаа дарга нар мэдээж дургүй л хүлээж авч байгаа байх. Гэхдээ дургүй байвал би ийм хэмжээний цалин авч ажиллах хүн биш гэдгээ хэлж болно. Үйл ажиллагааны үр дүн, ашиг орлогоосоо хамаарч авах цалингийн хэмжээ нь тодорхойлогдоно шүү дээ.

Компанийн ажил урагштай байгаад төсөвт оруулж байгаа ашиг орлого нэмэгдлээ гэхэд нэмэгдэл цалин, урамшуулал, хөнгөлөлт гээд бүх боломж нээлттэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагаа муудаж, ашиг орлого нь муудсан ч гэлээ цалингаа дураараа тогтоож байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа нь зүйн хэрэг. 

Төрийн мөнгөөр дургиж байгаа хүмүүст хяналт тавьдаг газар байсан биз дээ? Компаниа алдагдалтай ажилуулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?

Энэ бүхэн төрийн алдаатай бодлоготой холбоотой учраас хариуцлага тооцох боломжгүй л дээ. Төр бодлогоор хязгаар тавиад байхад түүнийг нь даваад гишгэсэн бол хариуцлага тооцож болно. Гэтэл тэр үед төр тодорхой хязгаар тавиагүй учраас одоо яах ч аргагүй. Тухайлбал, та 500 мянга хүртэл төгрөгийн цалин авна шүү гээд заачихсан байхад цалингаа сая төгрөгөөр тогтоосон бол хариуцлага тооцож болох байсан. Тиймээс л төрийн өмчит компанийн захирал, удирдлагууд дур зоргоороо авирласан нь цэвэр төрийн алдаа гэж үзээд байгаа юм шүү дээ.  

Өр үүсэх шалтгааны тухайд?

Эдийн засаг хямрахаас өмнө гадаадын зээл, тусламжийн мөнгийг замбараагүй зарцуулсан байдаг. Зээл авах хүсэлтэй компаниудын зээл авч буй зориулалт, зарцуулалтад хяналт тавьж, зээлээ хэдий хэр хугацаанд төлөх чадамжтай вэ гэдгийг судлах хэрэгтэй байсан.

Бондын мөнгөөр 1-2 жилийн дотор үр ашгаа өгөх төслүүдийг санхүүжүүлэх ёстой байсан юм. Таван жилийн дараа үр дүн нь гарна гэсэн төсөлд зээл өгөх боломжгүй гээд буцаах хэрэгтэй байсан. Гэвч тэгээгүй.

Технологийн шинэчлэлийн төсөл гэхэд 5-10 жилийн дараа л үр дүн нь гарна шүү дээ. Дээрх алдагдалд орсон, өртэй компаниудын алдаа нь ердөө үр дүн хэзээ гарах нь тодорхойгүй төсөлд хөрөнгө оруулснаас үүдэлтэй байгаа юм. Уг нь Засгийн газраас хуучин, хоцрогдсон технологид хөрөнгө оруулж болохгүй гэсэн чиглэл өгсөн байгаа.     

Төрийн албанд олон жил ажилласан тань шиг хүн дотроо бодолтой, дороо суурьтай болсон байх?

Би төрийн албанд олон жил ажилласны хувьд боловсон хүчнээ маш сайн бэлтгэх ёстой гэж үздэг. “Биеэ засаад гэр зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг бол хувь хүний хувьд бүрэн төлөвшиж, гэр бүлээ эдийн засгийн баталгаатай болго, нэгэнт ар гэртээ санаа зовох зүйлгүй болсон бол төрийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ханд гэсэн агуулга шүү дээ.

Манайхан намчирхаж гүйхээ болих цаг нь болсон. МАН, АН 20 гаруй жил миний, чиний гэж явлаа. Одоо зөвшилцөөд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох нь чухал. Мөн УИХ, Засгийн газрын гишүүний босгыг өндөрсгөх ёстой гэж боддог. Тухайлбал,  төрийн албанд 10-аас дээш жил ажилласан, мэдлэг боловсролын хувьд маш өндөр түвшнийх байх ёстой гэсэн шалгуур байх нь зүйтэй болов уу. Шалгуур нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд миний дүү, чиний ах гэж маргах, нэгнээ хардахгүй болно шүү дээ.

Одоо бол их сургуулиа төгсөөд Америк яваад ирсэн, төрийн албаны тухай ойлголт, туршлага муутай “түүхий” залуучууд УИХ-д нэр дэвших сонирхолтой болж.

АНУ-д сургууль төгссөн нь сонин биш, төрийн албанд хэр олон жил ажилласан нь гол шалгуур болох ёстой. Америк, Англичуудын хэмнэл, хэв маяг бидэнд тохирохгүй шүү дээ.

Монголд шилмэл залуус зөндөө байна. Төрийн албанд нарийн шүүлт хэрэглэвэл төрийн албанд орохын тулд нэг даргын цүнх барьж, гутлыг нь тосолж, цайг нь зөөж гүйх хэрэггүй, өөрийгөө бэлдэх хэрэгтэй болно.