С.Эрдэнэ: Энэ тоглоом биш шүү
АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ
2017.01.10

С.Эрдэнэ: Энэ тоглоом биш шүү

АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа таван нэр дэвшигч 21 аймгийн АН-ын гишүүд, дэмжигчдэд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан бол өчигдөр Говь-Алтай, Завхан аймгуудад ажилласан юм. 

Харин АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнийг намын даргын сунгаанаас нэрээ татсан гэх мэдээлэл гарлаа. Энэ асуудлаар бид УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй холбогдож тодруулав.

-Таныг намын даргын сунгаанаас нэрээ татсан гэх мэдээлэл гарлаа. Үнэн үү?

Намын даргын сунгаанд оролцох гэдэг бол тоглоом биш л дээ. Нэг нэрээ дэвшүүлээд, буцааж татдаг зүйл огтхон ч биш. Би нэрээ дэвшүүлэхдээ тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн. Тиймээс намын даргын сунгаанаас татгалзах ойлголт надад байхгүй.

Ийм үндэслэлгүй, нотолгоогүй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад харамсч байна. Энэ бол нөгөө л сонгуулийн бохир технологи.

Хоёрдугаарт, АН-ын даргын сунгааг тодорхой хэмжээнд бусниулах, будлиулах, саармагжуулах гэсэн хөндлөнгийн үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Албан ёсоор хэлэхэд АН-ын даргын сонгуулиас нэрээ татсан зүйл байхгүй.