Бат-эрдэнэ.Ж 2017.01.11 | Сайт: Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хутгалдсаар байх уу?

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хутгалдсаар байх уу?
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны бие даасан, хараат бус байдлыг хөндөж, ямар бодлого барьж байгааг хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүнээс асуусан юм. 

Ж.Бат-Эрдэнэ: 2012 оноос өмнө санхүүжүүлэх төсөл, хөтөлбөртөө маш өндөр шалгуур тавьдаг байсан

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нилээд өөрчлөлт оруулах шаардлагатай. Хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засаг, бүтээн байгуулалтад томоохон түлхэц болох үүрэгтэй субьект юм. Ийм л ойлголттой явж ирсэн. 2012 оноос өмнө хэд хэдэн төслүүдэд хөрөнгө оруулах саналаа Барилга, хот байгуулалтын яамнаас тус банкинд хүргүүлсэн.

Тухайн үед Солонгос захирал нь бидний оруулсан саналыг маш нухацтай нягталж үзээд, хэд хэдэн удаа буцаасан байсан учраас хөрөнгө оруулалт авах бололцоо байсангүй. Санхүүжүүлэх төсөл хөтөлбөртөө маш өндөр шалгуур тавьж, захирлуудын зөвлөлөөрөө асуудлыг оруулж, төслөө нарийвчлан боловсруулах шаардлага тавьдаг байсан.  

Харин 2012 оноос хойш Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бүх асуудлыг мэддэг, Зам, тээврийн яам замынхаа асуудлыг өөр яаманд шийдвэрлүүлдэг байдал үүссэн.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн танилцуулгад, Засгийн газраас гурван жил тутам Хөгжлийн банкинд шалгалт явуулна гэж дурдагдлаа. Уг хуулийн төслөөр бол Засгийн газар одоогийн шигээ цаашид ч Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хутгалддаг, Засгийн газрын шаардлагаар л төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг зарчмаар л явах нь бодит өөрчлөлт, шинэчлэл мөн үү? Засгийн газраас хараат бус бизнесийн зарчмаар явах боломж бий юу?

Ч.Энхбат: Санхүүжүүлсэн төслийнхөө 15-20 хувийн эрсдлийг Хөгжлийн банк үүрнэ

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Хөгжлийн банкны тухай хуульд, УИХ-аар батлагдсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Шинэчилсэн найруулгын төсөлд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдэд нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ.

Нэг талаас эдийн засгийн үр ашигтай, экспортод чиглэсэн, нөгөө талаас өмнө нь Хөгжлийн банк санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийнхөө эрсдлийг 100 хувь үүрдэг байсан бол төслийн 15-20 хувийн эрсдлийг хүлээдэг болно. Үлдсэн 80 хувийн эрсдлийг олон улсын банк, санхүүгийн байгууллага хуваалцана.

Бусад орны Хөгжлийн банкны загвар, жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулах зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгаж өгсөн.

Тодруулга: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Монгол Улсын хөгжлийн загвартай Хөгжлийн банкны үйл ажиллагаа хэрхэн уялдах вэ? Уялдаж байгааг хэн тодорхойлох вэ? Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэн тодорхойлох вэ? Хэрэв уг бодлогыг Засгийн газраас оруулж ирвэл үүний дагуу Хөгжлийн банк төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлэх болно шүү дээ.

Нэмэлт: Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Дунд хугацааны бусад хөгжлийн хөтөлбөрүүдийг ч УИХ-аар хэлэлцэн, баталдаг. Эдгээр хөтөлбөрт нийцсэн, экспортод чиглэсэн, импортыг орлох төсөл, хөтөлбөрүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлэх болно.

Одоогийн Хөгжлийн банкны тухай хуулийн 8,1 дэх хэсэгт, УИХ-ын хаврын чуулганаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг батална гэж заасан байдаг. Энэ заалт хууль батлагдсанаас хойш огт хэрэгжээгүй.

Харин Засгийн газрын тогтоолын дагуу эдийн засгийн үр ашгийг үл харгалзан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн. Тухайлбал, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3,3 их наяд төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгоод байна.

Одоо бол эдийн засгийн үр ашигтай байдлыг харгалзан үзнэ. Хуулийн төсөлд, 60-аас дээшгүй хувийн үйлдвэрлэл нь экспортод чиглэсэн, 40 хувь нь импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж тусгасан.

Нэмэлт: УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Хөгжлийн банкны бие даасан, хараат бус байдлыг улам сайжруулна гэдэг нь санхүүжилт хийх төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах процессийг банк бие даан хариуцах юм.

Одоогийн хуульд жил бүр зээл олгох жагсаалтыг УИХ-аар батална гэсэн агуулга бүхий заалт байдаг бол шинэчилсэн найруулгын төсөлд “...2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлалд нийцүүлэн...” гэж ерөнхий заалт оруулсан.

Дунд хугацааны хөгжлийн бодлогыг жил бүр УИХ-аар баталдаг. Эдгээр бичиг баримтад нийцсэн ерөнхий чиглэлийн дагуу Хөгжлийн банк төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлж байна уу, үгүй юу гэдгийг хуулийн төслийн 5 дугаар бүлэг буюу Хөгжлийн банкны хяналтын тогтолцоо, үйл ажиллагааны хязгаарлалт гэсэн хэсэгт зааснаар Засгийн газар хяналт тавина.

Зээлийн бодлого, зээлийн олголтын явцад Засгийн газар оролцохгүй. Банкны үйл ажиллагаа буюу төлбөр тооцоо, эрсдэл шинжилгээг Төв банк хариуцан шалгана. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn