Тэрбишдагва.Д 2017.01.11 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Банкны тухай хуульд заасан зохицуулалтыг өөрчлөх хэрэгтэй байх

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан дагалдах хуулийн төслүүдийг оруулж ирэх эсэх, Хөгжлйин банкинд хийх хяналт, шалгалт нь хууль зөрчих эсэхийг ажлын хэсгээс тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Засгийн газар, УИХ-аас эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгосон холбоотой үүссэн өр, авлагыг зохицуулж, балансыг цэвэрлэсэн. Цаашид өр, авлагыг дахин үүсгэхгүй байх, өөрөөр хэлбэл улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх эсэх асуудлаар тайлбар өгөх хэрэгтэй.

Учир нь өмнөх алдаанаас болж, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, хөтөлбөрийг цаашид санхүүжүүлэхгүй гэсэн яриа яваад байна. Хэн нэгний хариуцлагагүй алдаанаас болж, нийтээрээ хохирдог байдал үүсэх гээд байна.

Хуулийн төсөлд, хязгаарласан, хориглосон хэд хэдэн заалт оруулжээ. Эдгээр заалт нь Төсвийн тухай хуультай хэр уялдаж байна?

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулна гэж хуулийн төслийн үзэл баримтлалд дурджээ. Уг тогтоолын төслийг хэзээ өргөн мэдүүлэх вэ?

Хуулийн төслийн хамт Хөгжлийн банкны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх ёстой. Хууль батлагдсанаар одоо мөрдөж буй хуулийг хүчингүй болгох ёстой. Олон улсын гэрээний тухай хуулийг давтаж болохгүй.  

Банкны тухай хуулийн холбогдох заалтуудыг Хөгжлийн банкны тухай үйл ажиллагаанд дагаж мөрдөж байхаар тусгасан байна. Банкны тухай хуулийн 2,1,1-д “Хөгжлийн банкны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заажээ. Энэ заалтыг өөрчлөх шаардлагатай гэж бодож байна.

Хөгжлийн банкинд хяналт, шалгалтын эрх бүхий шалгагч ажиллана. Мөн тус банкнаас санхүүжүүлт авсан төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ гэж хуулийн төсөлд тусгажээ.

Хөгжлийн банкийг арилжааны банкны хэлбэрээр, бизнесийн зарчмаар буюу өөрөөр хэлбэл хуулийн этгээд, иргэний эрх зүйн зарчмаар ажилладаг байхыг хуулийн төсөлд заасан атлаа Төв банкны хяналт, шалгалттай адил статустай улсын хянагч, шалгагч ажиллуулна гэж заасан нь ойлгомжгүй байна.

Уг хуулийн төсөл нь Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, холбогдох бусад хуультай нийцэхгүй байна."

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

Шинэчилсэн найруулгын төслийн 17,1 дэх хэсэгт, “Засгийн газрын шийдвэрээр түүний хөрөнгийг Хөгжлийн банк хуульд нийцүүлэн итгэмжлэн удирдаж болно” гэж заасны дагуу Засгийн газар нь тухайн төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх боломж бүрдсэн.

Хөгжлийн банк өөрөө санхүүжүүлсэн 16 томоохон төсөл, хөтөлбөр бий. Эдгээр төсөл, хөтөлбөрт бие даан хяналт, шалгалт хийх явцад зээлдэгч нь шаардлагатай материалуудыг гаргаж өгөхгүй зугтах тохиолдол гарч байна. Тиймээс улсын байцаагчийн статустай хүн очиж байж, шаардлагатай материалуудыг гаргуулах боломжтой болно.

Хөгжлийн банкны хуульч н.Будхүү

Банкны тухай хуульд, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд энэ хууль хамаарахгүй гэж заасан байдаг. Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийн 3,2 дахь хэсэгт, “Энэ хуульд Банкны тухай хуульд зааснаар тусгайлан зааснаас бусад тохиолдолд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Банкны тухай хууль үйлчлэхгүй” гэсэн зохицуулалт оруулж өгсөн.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төсөлд Банкны тухай хуулиас иш авсан, энэ хуулиар зохицуулахаар заасан зохицуулалт байгаа бол түүнийг дагаж мөрдөнө. Бусад тохиолдолд Банкны тухай хууль үйлчлэхгүй гэсэн үг. Хууль зүйн хувьд ийм заалт оруулж өгснөөр бусад хуультай зөрчилдөнө гэсэн агуулга харагдахгүй байна.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрт хяналт тавих этгээд нь Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна гэж хуулийн төсөлд заасан. Уг эрхийг Сангийн сайд олгодог бөгөөд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс Хөгжлийн банкинд улсын байцаагчийн эрхтэй этгээд ажиллана гэдэг нь Төрийн хяналт, шалгалтын хуультай агуулгын хувьд зөрчилдөхгүй.

Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн эрхтэй этгээд Хөгжлийн банкинд ажиллаж болох уу, болохгүй гэдэгт бодлогын асуудал бий. Тэрнээс хууль эрх зүйн хувьд зөрчилдөх зохицуулалт байхгүй. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn