УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.01.11

Ж.Бат-Эрдэнэ: Монголчууд өөрсдөө Хөгжлийн банкаа дампууруулсан шүү дээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийнхэнд хандаж гурван зүйл дээр анхаарч, эдгээр асуудлыг хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Хөгжлийн банкны удирдлага Солонгос хүн байх үед тус банкны үйл ажиллагаа жигд, зөв зарчмаар явж байсан. Сүүлд Монгол хүн гүйцэтгэх удирдлагаар томилогдож очоод Хөгжлийн банкийг үндсэндээ дампууруулаад хаячихсан. Үнийн өсөлтөд нөлөөлсөн, эмх замбараагүй зээл олгосон, хууль зөрчсөн үйлдлүүд өмнөх парламентын үед гарлаа.

Тиймээс Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийнхэн хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй байна. Үүнд,

Нэгд, улсын төсвөөс санхүүжүүлж буй мэт биш бизнесийн зарчмаар санхүүжүүлдэг системийг Хөгжлийн банкинд нэвтрүүлэх ёстой.

Хоёрт, Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны бодлого, алсын хараатай холбоотойгоор яг ямар салбар, чиглэлийг дэмжих, түүнийг санхүүжүүлэх зарчмыг хатуу баримтлах ёстой. Хөгжлийн банк гэдэг нь нэрнээсээ ч тэр Монгол Улсын хөгжилд түлхэц болох нь зүйтэй. Тиймээс Хөгжлийн банкны улс төрөөс хараат байдал, шахалт дарамтыг үгүй болгож, нийгмийн болоод улсын үйлдвэрийн газруудад олгож буй зээлүүдийг аль болох хязгаарлах хэрэгтэй болж байна.

Гуравт, хамгийн гол нь экспортод чиглэсэн, импортыг орлох төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд үйл ажиллагаагаа төвлөрүүлж ажиллах зайлшгүй шаардлага байна."